Үндэсний аюулгүй байдалд нөлөөлж болзошгүй хил дамнасан гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд гаалийн байгууллага бусад хууль сахиулах байгууллагатай хамтарч тэмцэх нь гэмт хэргийн эзэн холбогдогчийг бүрэн олж тогтооход илүү үр дүнтэй бөгөөд дээрх байгууллагууд харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах чадавхыг дээшлүүлэх, хамтын уялдаа холбоог сайжруулах, хойшлуулшгүй ажиллагааг шуурхай, оновчтой явуулах зэргээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байна.
Хамтарсан байгууллагуудын тусгай ажиллагааны үеэр хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 10 гаруй хууль бус үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, Суваг-1 ажиллагааны хүрээнд 2600 хүн тун буюу их хэмжээний хар тамхи, мансууруулах бодисыг илрүүлэн, хураан аваад байна.
Хууль сахиулах гааль, тагнуул, цагдаагийн байгууллагаас цаашид энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох чиглэлд тасралтгүй тусгай ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулах юм.
Түүнчлэн үндэстэн дамнасан, зохион байгуулалттай гэмт хэрэг, хар тамхи мансууруулах бодис, түүх соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар нэвтрүүлэх зөрчлийг таслан зогсоох зорилгоор хөрш орны болон бусад улсын хүчний байгууллагатай мэдээлэл солилцох, хамтран ажиллах зорилго бүхий тусгайлсан арга хэмжээг Монгол Улсын бүх хилийн боомт, 18 гаалийн газар, хороодын хилийн болон гүний гаалийн байгууллагын нийт гаалийн хяналтын бүс, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт үе шаттай зохион байгуулах юм.
Эх сурвалж: ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР