Увс аймгийн Сагил сумын нутаг дахь хилийн хэсгээр энэ сарын 17-ны үүрээр хил зөрчиж орж ирсэн Тувагийн иргэдийн нэг нь манай хилийн цэргийн алба хаагчдын бууны суманд өртөж амиа алджээ. Тувачууд манай хилийн торон хаалтыг тасалж байхад нь хилчид үйлдэл дээр нь илрүүлж, 2-3 удаа анхааруулж, таслан зогсоох үйл ажиллагаа явуулсан гэнэ.
Гэвч хил зөрчигчид анхааруулгыг үл ойшоож, Сагил сумын нутгийн гүн рүү зугтсан учраас хилчид буудахад хүрсэн байна. Зугтсан хоёр иргэнийг эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, морьдынх нь мөрөөр мөшгөхөд өөр газраар дамжин явсаар Тувагийнхаа нутагт орсон байсныг орон нутгийн эх сурвалжууд мэдээллээ. Хил дээр хүний амь хохирсон хэрэг гарсан учраас Увс аймаг дахь цагдаагийн газрынхан Сагил сумын нутагт ирж мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснийг ч эх сурвалж хэлсэн юм. Хилийн тухай хуулийн 48 дугаар зүйлд улсын хил хамгаалах байгууллагын хамгаалалтад байгаа объектод хүч хэрэглэн халдсан, халдахыг завдсан, улсын хил дээр үүссэн өдөөн хатгалга, хил зөрчигчийн үйлдлийг өөр арга, хэрэгслээр зогсоох боломжгүй үед галт зэвсэг хэрэглэхийг зөвшөөрсөн байдаг билээ.
Бэлтгэсэн: Г.Орчлон