Азийн наадам нь Энэтхэгийн Шинэ Дели хотод 1951 онд нээлтээ хийжээ. Тэр үеэс өнөөг хүртэл тус наадмын хөтөлбөрт багтсан спортын таван төрөл нь хөнгөн атлетик, сагсан бөмбөг, хөлбөмбөг, усанд сэлэлт, усны поло юм. “Ханжоу 2022” Азийн наадамд Монголын 403 тамирчин ур чадвараа сорино. Манай улсын хувьд энэ удаа өмнөхөөсөө олуулаа өрсөлдөх нь. Дээрх хотод зохион байгуулах эл наадамд оролцохоор тивийн Үндэсний олимпын хороодын баг тамирчдын тосгонд очжээ. Монголын тамирчдад хүндэтгэл үзүүлж, туг өргөх ёслол өчигдөр болсон байна. Азийн наадмын тамирчдын тосгон нь 20 000 хүнийг хүлээн авах хүчин чадалтай, 1000 гаруй сайн дурын ажилтан тамирчдад тав тухтай үйлчилгээ үзүүлж, мэдээллээр хангаж буй юм байна.
Монголын волейбол, хөлбөмбөг, крикет, орчин үеийн таван төрөлтийн нийт 64 тамирчин, дасгалжуулагч, албаны хүмүүс Ханжоуд бэлтгэлээ базааж буй. Манай хөлбөмбөгийн шигшээ багийнхан В хэсэгт тэмцээний салхи хагалж, Вьетнамын багтай эхний өдөр тоглосон. Тэгвэл маргааш Саудын Арабын тоглогчидтой 16.00, 24-нд Иран тамирчидтай 19.30 цагт өрсөлдөнө. Тоглолтыг TV9 телевиз шууд дамжуулна. Тэгвэл волейболын эрэгтэйчүүдийн шигшээ багийнхан D хэсэгт эхний тоглолтоо Пакистаны шигшээтэй өчигдөр өрнүүлсэн. Тэд маргааш Тайванийн багтай 19.00 цагт тоглох юм. Тэмцээнийг “Сүлд” телевиз үзэгчид хүргэх аж.