Сүхбаатар дүүргийн IX хороо бол Улаанбаатар хотын төв хэсэгт оршдог. Олны ярьж заншсанаар хуучнаар Ногоон нуур, одоогийн “Дөлгөөн нуур” орчмын газар эл хороонд харьяалагддаг. 600 мянган ам метр талбайтай хэдий ч 10 мянга гаруй оршин суугчтай тус хороонд өнөөдөр цэцэрлэгийн насны 1165 хүүхэд амьдарч байна. Гэтэл тэнд улсынганц ч цэцэрлэг байхгүй. Мөн хорооны нутагт байрлах IV сургууль 850 хүүхдийн хүчин чадалтай ч өдгөө 2000 гаруй сурагч номын дуу сонсож байгаа юм. Энэ жил л гэхэд уг сургуулийн босгоор208 хүүхэд шинээр алхан оржээ.
Тус хорооны Засаг дарга Г.Өнөртүвшин “2015 онд манай хороонд улсаас цэцэрлэг барих төсөв хуваарилсан ч газар олдоогүй. Төр нь эрх мэдэлтэй байсан бол, хувийн хэвшилтэйгээ зөвшилцөж чаддаг бол цэцэрлэг, сургууль барьж болох хэд хэдэн газар бий. Хуулийн цоорхойгоос болоод түүнийг ашиглах мэдэл бидэнд алга” хэмээж байна. Харин хуучин нуур байсан, намагтай, цэвдэгтэй, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдогIX хорооны нутагт орон сууцын хороолол буюу цементэн ширэнгүүд боссоор байгаа юм. Тухайлбал, “Цэнгэлтэй” хотхоны II давхрын айлын хана цуураад эхэлжээ. Монгол Улсад стандарт гэдэг зүйл зөвхөн цаасан дээр байдгийн нэг жишээ энэ. Энэ тухай фото сурвалжилгаараа онцоллоо.