Аэробик гимнастикийн найм дахь удаагийн Азийн АШТ манай улсад болно. Тус тэмцээнийг бага нас, залуучууд, насанд хүрэгчдийн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан, хос, гурвалсан, бүжиг, багийн гэсэн төрөлд энэ сарын сарын 15-17-д “Буянт-Ухаа” спорт цогцолборт зохион байгуулах аж. Манай гимнастикчид тус тэмцээнд дасгалжуулагч багш, тамирчид, олон улсын шүүгч, эмч, менежер гэсэн 44 хүний бүрэлдэхүүнтэй оролцох нь. 11 орны 198 тамирчин ур чадвараараа өрсөлдөх дээрх тэмцээнийг манайхаас олон улсын дөрвөн шүүгч дэнсэлнэ. Улаанбаатарт тэмцээн эхлэхээс өмнө Азийн гимнастикийн холбооны Техникийн хорооны зөвлөлийнхөн ирж, энэ удаагийн болон ирэх дөрвөн жилийн тэмцээний төлөвлөгөөг гарган, ямар улсад хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэх юм байна. Монгол Улс тивийн АШТ-ийг эх орондоо зохион байгуулах эрхийг 2020 онд Вьетнам, Филиппинтэй өрсөлдөж авчээ. Манайх дээрх тэмцээнийг 2017 онд эх орондоо анх удаа зохион байгуулж байв. Уг тэмцээн өндөрлөсний дараа үргэлжлүүлээд Нийтийн гимнастикийн олон улсын холбооны сургалт болж, энэ он дуустал таван томоохон арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөжээ.