Узбекистаны Хива хотод энэ сарын 7-10-нд болох модон барилдааны насанд хүрэгчид, өсвөр үеийн дэлхийн аварга шалгаруулах тав дахь удаагийн тэмцээнд Монгол Улсаас Б.Мөнхсүрэн ахлагчтай 19 тамирчин оролцоно. Тэд УАШТ болон Азийн АШТ, ДАШТ-ий сорилго барилдаанд түрүүлснээр тус хотыг зорих эрх гарджээ. Багийнхнаасаа тэмцээний салхийг насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс 65 кг-ын жинд Ц.Пүрэвсүрэн, О.Бямбацог нар хагалах нь. Тэдний дараа П.Чинзориг 70, И.Буяндалай 80, Ц.Өнөрбат 90, Б.Мөнхтүшиг 125 кг-д үргэлжлүүлэн өрсөлдөнө. Эмэгтэйчүүдээс 55 кг-д А.Гэрэлтуяа, 65 кг-д Х.Лхагвадолгор, +85 кг-д Б.Эрдэнэтуяа нар хүч сорих юм. Өсвөр үеийнхний ангилалд хөвгүүдээс 50 кг-д Э.Баттогтох, 60 кг-д Б.Эрдэм, Б.Пүрэвбат, 70 кг-д Л.Мөнх-Очир, 80 кг-д Б.Гарьд, +80 кг-д Ц.Цогт-Эрдэнэ нар хүч үзэх аж. Охидын 70 кг-д Н.Тайванжаргал, +70 кг-д Б.Дашням нар барилдана. Хэдхэн хоногийн өмнө хойд хөршийн Башкортостанд зохион байгуулсан олон улсын анхдугаар фестивалиас И.Буяндалай -80, Б.Мөнхтүшиг 125 кг-д өрсөлдөж, хүрэл медальтай ирсэн юм. Тэгвэл Х.Лхагвадолгор -65 кг-д мөнгө, Б.Эрдэнэтуяа хүрэл медаль хүртэж байв. Сонирхуулахад, олон улсын шүүгч Б.Даариймаа дэлхийн дэвжээнд шилдгүүдийн тэмцээнийг анх удаа дэнслэхээр болжээ.