Казахстаны Астана хотод таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 83 орны тамирчин оролцсон. Манай эрэгтэйчүүдээс “Хаадын зарлиг” клубийн тамирчин Ө.Гантөмөр мастер ангиллын тулааны төрлийн 73 кг-ын жинд алтан медаль хүртсэнээр дэлхийн хошой аварга боллоо. Тэрбээр Болгар улсад 2019 онд болсон 21 дэх удаагийн ДАШТ-д түрүүлж байв. Эмэгтэйчүүдээс Б.Оюунжаргал III даны түль төрөлд (техник дасгалд) аваргалсан байна. Тэгвэл насанд хүрэгчдийн хосень сүль төрөлд эрэгтэйчүүд багаараа хүрэл медаль хүртсэн юм. Монгол Улсаас 54 тамирчин тус тэмцээнд өрсөлдсөнөөс тус бүр зургаан алт, мөнгө, есөн хүрэл медаль авлаа. Ингэснээр нийт дүнгээр VII байр эзэлсэн аж.