Энэ сарын 16-нд эхэлсэн “Улаанбаатар-2023” Зүүн Азийн залуучуудын наадам өчигдөр өндөрлөв. Наадамд Монгол Улс, БНХАУ, БНСУ, Япон, Хонконг, Макао, Тайванийн нийт 808 тамирчин спортын 12 төрлөөр (чөлөөт бөх, жүдо, бокс, сагсан бөмбөг, 3х3 сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейбол, ширээний теннис, хөнгөн атлетик, и-спорт, таеквондо, бадминтон) өрсөлдсөн юм. Ийнхүү Монгол Улс түүхэндээ анх удаа олон улсын чанартай наадмыг буюу спортын олон төрлийн тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнүүд “Буянт-Ухаа” спорт цогцолбор, “Степпеарена”, Бөхийн өргөө, “UG arena”, “UG palace”, Соёлын төв өргөө, МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэн, Футзалын ордон болон Налайх дүүрэг дэх хөнгөн атлетикийн талбай зэрэг газар болсон.
Тамирчдаас гадна багш дасгалжуулагч, шүүгч, Азийн спортын холбоодын Техникийн зөвлөлийн төлөөлөл, албаны хүмүүс зэрэг гадаадын нийт 1000 гаруй зочин энэ өдрүүдэд манай оронд хүрэлцэн ирсэн юм. Наадамд медалийн тоогоор БНХАУ тэргүүлж, Япон, БНСУ удаалсан. Манайхан 39 медальтайгаар V байрт шалгарлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд хөшгөө нээсэн тус наадмын хаалтын ёслол өчигдөр орой Д.Сүхбаатарын талбайд болж, спортын хорхойтнууд, залуусыг олноор цуглуулав.