Бүгд найрамдах Солонгос улсын Байгаль орчны яам ба Монгол улсын байгаль орчин, аялал жуулчлалын яамдууд 2010-2011 онуудад харилцан төлөөлөгчид илгээн хоёр улсын тусгай хамгаалалттай газруудын хооронд хамтран ажиллах гэрээ, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцож, санамж бичигт байгуулсан.
Үүний үндсэн дээр 2014 онд Солонгосын Үндэсний паркийн алба, Сеораксаны байгалийн цогцолборт газар, Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргаа хамтран ажиллах “Эгч дүү паркийн санамж бичиг”-ийг байгуулж гурван жил тутамд шинэчлэн сунгаж ирсэн бөгөөд Санамж бичгийн хүрээнд тусгай хамгаалалттай газруудын харилцан туршлага судлах аяллыг жил бүр зохион байгуулж, давхардсан тоогоор 40 гаруй мэргэжилтэн, байгаль хамгаалагчдыг хамруулсан байна.
САНАМЖ БИЧИГ ШИНЭЧЛЭН СУНГАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ӨНӨӨДӨР БОЛОВ
Сеораксан байгалийн цогцолборт газрын мэдээллийн төвд Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын, Хэнтий аймгийн Батширээт сумын мэдээлэл сургалт сурталчилгааны төвд Сеораксан байгалийн цогцолборт газрын нэрэмжит “Мэдээллийн булан”-г нээн ажиллуулж байгаа.
“Монгол улсын хувьд БНСУ-ын аялал жуулчлалын хөгжлөөс суралцах зүйл олон бий. Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалыг хөгжүүлэхэд мөрдөгдөх стандарт, цогцолборт уулын хамгаалал, зориулалтын барилга байгууламжийн стандарт зэргийг судлан, харилцан хамтран ажиллахыг чухалчилж байна. Манай улсын Тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ Польш улсын дайтай тэнцэхүйц бөгөөд цаашид хамгаалалтад авах газар нутгийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын бүсчлэн хөгжүүлэхээр зорьж байна. Аялал жуулчлалын тухай хуулиа шинэчлэн баталж олон шинэ боломжуудыг тусгасан” гэдгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ хэллээ.
Хоёр улсын Байгаль орчин, аялал жуулчлалын хамтын ажиллагаа улам бүр өргөжиж байгаагийн нэг илрэл бол өнөөдрийн үйл ажиллагаа гэдгийг онцлов.
Цаашид ТХГН-т зэрлэг амьтан, загас үржүүлэг зэргийг хөгжүүлэх, хамтарсан судалгаа шинжилгээний ажлыг зохион байгуулах, судалгааны суурин байгуулах төсөл хэрэгжүүлэх, Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааг аль нэг парктай холбож, эгч дүү паркийн гэрээ байгуулах, урт, богино хугацааны байгаль хамгаалагч, албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх сургалтад хамруулах зэргээр хамтран ажиллахаар төлөвлөж байна.
Уулзалтад МУ-ын Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд Б.Бат-Эрдэнэ, Сайдын зөвлөх Б.Батзаяа, ТХГНБЗГ-ын дарга Н.Баатарцогт, Хан Хэнтийн Хан Хэнтийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны дарга Б.Хашмаргад, Горхи Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга М.Эрдэнэбулган, БНСУ-ын талаас Солонгосын үндэсний паркийн албаны дарга Сонг Ҳюмг Кун, тус албаны төлөвлөлт, төсвийн газрын дарга Канг Донг-ик болон албаны бусад хүмүүс оролцлоо.