Энэ зун ойрхон давтамжтай орсон түр зуурын бороо бугшмал олон асуудлыг илчиллээ. Сургамж болохуйц олон зүйлийг монголчуудад “хэлж” өгөв. Хотын үе үеийн удирдлага, газар олгох эрх бүхий байгууллагынхан өнгөрсөн хугацаанд нийслэлийг хэрхэн самарсныг, Монголын нийслэл Улаанбаатар хотын стандарт, аюулгүй байдлын шаардлагаас хэр зэрэг алсарсныг, гамшгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах чиг үүрэг хүлээсэн газрууд ор нэрийн төдий үйл ажиллагаа явуулж ирснийг, улстөрч, төрийн өндөр албан тушаалтнууд аюул эрсдэл тохиосон үед ч амин хувиа хичээхийг урьтал болгодгийг, зарим хүн юухан хээхнийг ч улстөржүүлэн өрсөлдөгчөө “намнах” хэрэгсэл болгож хувиргадгийг, монголчууд хариуцлага ярихдаа бус, хандив, тусламж өгөхдөө л тууштайгаар нэгддэгийг энэ удаагийн байгалийн үзэгдэл тод харууллаа.
Манай улс гал, усны аюултай тэмцдэг цэрэг, цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагчдаа одоо болтол шаардлагатай хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангаж чадаагүй, зүдрүү хэвээр байгааг ч олон нийт сая анзаарлаа. Тэднийг үерийн голомтод гар нүцгэн ажиллахыг нүдээр үзэв. Үүний зэрэгцээ бас нэг ноцтой, эмгэнэлтэй гэмээр асуудал ил болсон нь цаг уурын байгууллагын нунж дорой, чадавхгүй байдал юм.
Дарь-Эх, Дамбадаржаа, Цагаан даваа орчимд энэ сарын 5-нд буусан уруйн үерийн дараа Цаг уур, орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал “Үерийн хэмжээг тогтоох төхөөрөмж байхгүй учир хэр зэрэг бороо орсныг тооцох, мэдэх боломжгүй” гэж ярив. Ийм зүйл сонссондоо итгэхгүй дахин лавлатал нээрэн л ингэж хэллээ. Тэрбээр “Улаанбаатар хотын баруун хэсэгт цаг уурын гурван станц бий. Харин зүүн талд байхгүй. Тиймээс газрын гадарга дээр хэдэн мм хур тунадас орсныг тодорхой хэлэх боломжгүй. Радарын төхөөрөмжийн тусламжтайгаар үүнийг баримжаалж гаргадаг. Ойрын хугацаанд ажиглалтын төхөөрөмжтэй болно гэж найдаж байна” хэмээн хээвнэг ярилаа.
Саяхны үерийн дараа олон нийт “1966 онд болсон их үерийн үеийнх шиг усархаг бороо асгарлаа”, “Энгийн үед нийслэлд жилд дунджаар 240 мм хур тунадас унадаг бол 2023 оны долдугаар сард л 310 мм орж”, “Энэ удаагийнх 1966 оноос хойших томоохон гурван үерийн нэгт багтаж байна” гэхчлэн жилийн хугацаанд ордгоос их хэмжээний хур тунадас хэдхэн хоногт “цутгачихсан” мэтээр ярьж, бичиж, төрийн байгууллагынхан ч үүнийг нийгмийн сүлжээнд идэвхийлэн түгээж байв. Гэтэл цаг уурын байгууллагынхан нь “Бид газрын гадарга дээр буусан үерийн усыг яг таг хэмжих боломжгүй, тийм чадалтай тоног төхөөрөмж ч байхгүй” гээд энэ бүхнийг үгүйсгэчихлээ. Цаг уурын байгууллага нь хэмжиж чадахгүй байгаа үерийн усыг хэн гэдэг эрдэм чадалтай хүн, ямар онцгой чадвартай байгууллага ийнхүү тогтоосон нь хачирхалтай. Магадгүй төрийн байгууллагынхан ийм мэдээг давлагаалан түгээж, “Байгалийн гамшгийн өмнө хэн ч, юу чхүчин мөхөстөнө. Хэн нэгнийг буруутгахаасаа илүү цаашид яах вэ гэдгээ ярих ёстой” гэхчлэн асуудлын гол цөмийг өөр тийш нь чиглүүлэхэд ихээхэн анхаарч байснаас харахад энэ нь дарга, удирдлагуудаа хамгаалах, хариуцлагаас бултах гэсэн явуургүй оролдлогын нэг хэлбэр байж болзошгүй юм. Үүнээс чухал нь 90 гаруй жилийн түүхтэй, ус, цаг уур, орчны мэдээ, мэдээллийг иргэд, олон нийтэд цаг алдалгүй шуурхай дамжуулах чиг үүрэгтэй байгууллагын мэргэжилтэн нь гамшгийн үед ийм бэрхшээл тоочоод зогсож байгаа нь үнэндээ ичгэвтэр санагдав.
Цаг агаарын мэдээ, мэдээллийн ач холбогдлыг хэмжээлшгүй. Энэ нь өдөр тутмын амьдралд хамгийн үнэ цэнтэй мэдээлэлд тооцогддог. Хөдөө аж ахуй, мал аж ахуй, дэд бүтэц, агаарын тээвэр, эрчим хүч, уул уурхай гээд олон салбарын үйл ажиллагаанд шууд болон шууд бусаар нөлөөлж байдаг. Ялангуяа цаг агаарын урьдчилсан мэдээ болзошгүй аюул эрсдэлээс сэргийлэхэд чухал нөлөөтэй. Урьдчилсан мэдээ гаргахад цаг уурын станц гол үүрэгтэй. Ийм станцтай болсноор ажиглалт, хэмжилтүүдийг тогтмол хийж, өнөөдөр, маргааш, түүний дараа өдөр, ирээдүйд ямар байх вэ гэдгийг бодитойгоор тогтоох боломжтой. Өөрөөр хэлбэл, үүгээр дан ганц хур тунадас, үерийн ус хэмждэггүй гэсэн үг. ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал ч ингэж тайлбарлана лээ. Гэтэл энэ чухал төхөөрөмж нь Улаанбаатар хотын хэмжээнд хүрэлцээгүй, хангалтгүй гэхээр бид тэр хэрээр бодитой мэдээлэл авах боломжгүй болж таарч байгаа юм. 1999 онд Японы буцалтгүй тусламжаар байгуулсан, 480 км газарт бүрэн үйлчлэх хүчин чадалтай, 180 км-т хур тунадасны эрчимшил, аянга цахилгаан, аадар бороо, 120 км-т салхины орон зай тодорхойлох радарын станцыг 24 дэх жилдээ ашиглаж байна гэж цаг уурын байгууллагынхан мэдээлсэн ч дээрх мэргэжилтний ярьж буйгаас хотын зүүн бүсэд ажиглалтын төхөөрөмж зайлшгүй шаардлагатай нь харагдаж байна.
Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга байгууллагынхаа цахим хуудсанд “Шинжлэх ухаан, технологийн ололтыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх шат дараалсан арга хэмжээ авч, амжилттай хэрэгжүүлж байна” хэмээн “мэндчилгээ” дэвшүүлсэн нь бодит байдлаас хол зөрүүтэй хөөрөгдөл гэлтэй. Цаг уурын салбарт ажиллагсдын нийгмийн үнэлэмж, цалин хангамж “шалан” дээр байгааг, мөн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл асар их дутагдалтайг учир мэдэх хүмүүс одоо ч хэлж байна. Техник, технологийн үсрэнгүй хөгжлийн эринд дэлхийн улс орнууд цаг агаар, ирээдүйд тохиож болзошгүй байгалийн аюулт болон гамшигт үзэгдлийг асар нарийвчлалтайгаар, хүний оролцоогүй шахам тооцоолж, мэдээлдэг болсон энэ үед манай улс механик голдуу багаж хэрэгсэл ашиглаж, улсынхаа нийслэлийг ч ажиглалтын төхөөрөмжөөр бүрэн хангаж чадаагүй байгааг гутамшиг гэхээс өөр юу гэх вэ. Бид юунд итгэх болж байна вэ. Үер, усны аюул тохиох бүрт “Хотын зүүн бүсэд станц байхгүй учраас...” гээд шалтаг тоочоод л зогсох уу. Төр дорвитой хөрөнгө санхүүжилт олгохгүй байлаа гэхэд асуудал, бэрхшээлээ ил тод ярихгүй, загас шиг дуугүй суусаар л байх уу. 2023 оныг “Цаг уурчдын жил” болгон зарлаж, хүний нөөц, техник хэрэгслийн чадавхыг сайжруулахаа сүр дуулиантай гэгч нь зарласан БОАЖ-ын сайдад энэ мэт асуудлуудаа уламжилж, танилцуулсан уу. Уг нь энэ бүхнийг шийдүүлэх гэж л байгууллага удирдлагатай байдаг биш бил үү. Эл үйл явдлаас улбаалан ийм олон асуулт урган гарч байна.
Үерийн усыг хэмжих нь ихээхэн ач холбогдолтой. Газрын гадаргад хэр хэмжээний хур тунадас орсноос гэр хороололд ийм нөхцөл байдал үүсэв, олон жилийн дундажтай харьцуулахад ямар байв, усны инженер, судлаачдын хэлж буйчлан гамшиг дагуулахааргүй хэмжээний багахан бороо орсон уу, тийм бол бид дараа дараагийн сорилтыг тэсвэрлэхийн тулд ямар арга хэмжээ авах ёстой вэ, ер нь Улаанбаатар хотын тэсвэрлэх чадвар хэр юм бэ гэдгийг үүний үр дүнд мэдэх боломжтой байсан юм. Мөн хур тунадас хуримтлуулах хөв цөөрөмтэй байсан бол хэр хэмжээний ус нөөцлөх боломжтойг ч баримжаалж болно. Цаг уурын байгууллагынхан үүнийг судалж, харьцуулж, дүн шинжилгээ хийх үүрэгтэй. Харамсалтай нь, манай улсын цаг уурчид хариуцлагагүй, тоомжиргүй байдлаасаа болоод гол үүргээ гүйцэтгэж чадахгүй байна.
ЦУОШГ-ынхан БНСУ-ын Цаг уурын газартай хамтран 2017 оноос хэрэгжүүлж буй “Монгол Улсад цаг агаарын ажиглалтын мэдээллийн нэгдсэн систем суурилуулах нь” төслийнхөө хүрээнд Архангай, Булган, Төв аймаг дахь 32 станцыг шинэчилж, мөн нийслэл болон Дундговь, Өвөрхангай аймагт автомат станц 20-ийг нэмж суурилуулж, нэгдсэн систем байгуулахаар төлөвлөсөн юм билээ. Үүнийгээ нийслэлээс, ялангуяа ажиглалтын ганц ч станцгүй зүүн бүсээс эхлүүлээсэй. “Ойрын хугацаанд ажиглалтын төхөөрөмжтэй болно гэж найдаж байна” хэмээн айвуу тайвуу аяглах бус, энэ удаагийн үерээс сургамж аваад технологийн шинэчлэлийг дорвитойхон шиг хийгээсэй.
Бэлтгэсэн: Н.Мишээл