Үндэсний их баяр наадмын өдрүүдэд орсон үргэлжилсэн усархаг борооны улмаас Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багт урьд жилүүдэд ашиглагдаж байгаад орхигдсон хаягдал усны далан, ус шүүрүүлэх далан, хаалтууд үерийн усаар дүүрчээ. Улмаар хальж, далан, хаалтууд сэтэрч ойр орчмын гол, горхи үерийн шар усаар бохирдон урсаж байна. Тухайн нөхцөл байдалтай Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас танилцан, тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд үүрэг өгчээ. Тодруулбал, хаягдал усны далан хаалтуудыг бэхжүүлэх, үерийн ус хураагдаж байгаа далангуудыг сэргээн бэхжүүлэх, үерийн усыг цэвэршүүлэх ажлуудыг эхлүүлээд байна. Одоогийн байдлаар олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байхгүй. Цаашид хаягдлын далан, эргэлтийн усан санг сэтрэх, халих болон ойр орчны гол горхи бохирдуулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.