Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургуулийн дэргэдэх “Ирээдүй” эко клубийн сурагчид заг мод үрслүүлэх туйршилт хийжээ. Тус аймгийн нийт газар нутгийн 80 гаруй хувь цөлжсөн талаар жил гаруйн өмнө БОАЖГ-аас нь мэдээлж байсан. Тиймээс Хөхморьт сумын 6-9 дүгээр ангийн сурагчид цөлжилтийн эсрэг заг модыг нийтээр тарих ажлыг санаачилсан байна.
“Ирээдүй” эко клубийн удирдагч багш З.Түвшинбилэг “Манай аймагт цөлжилт давамгайлсан. Элсний нүүдэл ихтэй. Үүнийг хэрхэн зогсоох талаар клубийн маань сурагчид судалж байгаад заг тарих нь хамгийн зөв шийдэл гэж үзээд энэ жилээс үрсэлгээ хийж эхэллээ. Одоогоор600 гаруйг үрслүүлсэн. Эхний 14 хоногт тогтмол усалж, арчилж чадвал ургах боломжтой мод. Арчилгаа их шаарддаг гэсэн үг. Ургасан хойноо маш бат бөх учир нүүж буй элсэн манхныг өөртөө тогтоож, цөлжилтийг бууруулахад ач холбогдолтой. Ирэх жил сумынхаа хашаа бүрт модоо ургуулж, загийн шугуй бий болгох төлөвлөгөөтэй. Дэлхийн байгаль хамгаалах сангаас бидний санаачилгыг дэмжин, хамтарч ажиллаж байгаа. Манай клубийнхэн үүнээс гадна улиас, хайлаас тарьж, хашсан. Элсний нүүдлээс булаг, шандаа хамгаалсан, сургуулийнхаа эргэн тойронд 200 гаруй мод тарьсан гээд олон ажил санаачилж, хийсэн байдаг. Клубт 6-9 ангийн 50 гаруй хүүхэд бий. Тэднийхээ санаачилгыг дэмжиж, бодитой болгохын тулд санхүүгийн дэмжлэг авах ажлыг бүтээх нь миний үүрэг” гэлээ.
Клубийн ахлагч Т.Батчингис “Орон нутгийн хэмжээнд тулгарч байгаа томоохон асуудлыг сонгож, шийдэхийг зорьдог. Бид булаг хашиж, хамгаалахдаа хамгийн дуртай. Бөхөн хамгаалах ажлыг хийж байхад нутгийн иргэд дэмжиж, улмаар хамтарч эхэлсэн. Манай клубийн гишүүд маш идэвхтэй. Ихэнх хүүхэд байгаль хамгаалах ажлыг сонирхдог болохоор клубт элсэх нь их” гэв.
Бэлтгэсэн: Д.Хүслэн