Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь уншигч, үзэгч, сонсогчдынхоо дуу хоолой болдог зарчмын дагуу “Өнөөдөр” сониныхон Монголын нийгэмд тулгамдсан асуудал, иргэдэд тохиолддог саад бэрхшээлийг хөндөн бичиж, үүнийг хэрхэн өөрчлөх талаар санал дэвшүүлэн, шийдвэр гаргахуйц үр дүнд хүргэх зорилготой цуврал нийтлэлүүдийг энэ он дуустал Та бүхэнд хүргэх болно. Манай сэтгүүлчид “99 хувь”, “Голч өнцөг”, “Зорьсондоо”, “Жуулчин”, “Green house”, “Эгэл баатар” гэсэн зургаан багт хуваагдан, сонгосон сэдвээрээ сар тутам нийтлэл, сурвалжилга, ярилцлага бэлтгэх юм. Энэ удаа “99 хувь” багийн бэлтгэсэн нийтлэлийг хүргэж байна.
2020.12.30 Хүүхдийн төлөө фондод хөрөнгө хуримтлуулах тоглолтын үеэр нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар тус сангийн үйл ажиллагааг дэмжиж, хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр барихад зориулан Чингэлтэй дүүргийн V хорооны нутагт 1.1 газар олгохоор шийдвэрлэснээ “цэнхэр дэлгэц”-ээр улс орон даяар зарлаж, батламжийг нь тухайн үеийн Соёлын сайд С.Чулуунд гардуулав.
2020.12.31 Соёлын яам нийслэлд номын сан, хүүхэлдэйн театр бүхий цогцолбор барих газартай боллоо хэмээн мэдээлж, олон нийтийн хандив, тусламж, Засгийн газрын дэмжлэгээр хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалт хийх боломж бүрдсэнийг зарлалаа.
2021.01.07 Хүүхдэд зориулж барих номын сан, театрын загвар зургийг Соёлын яамнаас олон нийтэд танилцуулж, ирэх хавраас бүтээн байгуулалтыг нь эхлүүлэхээр төлөвлөснөө мэдэгдэв. Тус яамнаас эл бүтээн байгуулалтыг хугацаа алдахгүй эхлүүлэх ёстой гэсэн агуулга бүхий төлбөртэй нийтлэлийг сайтуудаар түгээж, Тасганы овоонд цогцолбор барих газар олгосон нь байршлын хувьд тун оновчтой, хотын төв, гэр хорооллын хүүхдүүдэд аль алинд нь хүртээмжтэй гэж сурталчилж байсан юм.
2021.01.21 Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газрын хамтарсан Газар, барилгажилтын мэргэжлийн зөвлөлийн хурлын дүгнэлтэд үндэслэн хотын дарга Соёл, спорт, аялал жуулчлалын яам (хуучнаар)-ны хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театрын цогцолборын зориулалттай, 15 жилийн хугацаатай газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг Соёлын яам болгож өөрчлөх захирамж гаргав.
Хүүхдийн төлөө фондыг сэргээн байгуулах шийдвэр гаргасан 2020-2021 оны уулзварт ийм нэгэн “түүхэн” үйл явдал болсон юм. Улстөрчид нь “Одоо л хүүхэд багачуудынхаа төлөө бүтээн байгуулъя, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлье” хэмээн гэнэтийн шийдвэр гаргаж, сайн сайхан зүйл ярьж эхэлсэн энэ үед Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар уг санаачилгыг дэмжин 1.1 га газар “хандивласан”. Тодруулбал, Э.Бат-Үүлийг хотын мээр байх үед хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр барих зориулалтаар тухайн үеийн Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд олгосон газрын эзэмших эрхийг өөрчилж, ийнхүү Соёлын яамны мэдэлд шилжүүлсэн байдаг. Газрынх нь асуудлыг шийдээд, хөрөнгө санхүүжилтийнх нь ч эх үүсвэр (“Хүүхдийн төлөө фонд” ТББ-ын дансанд төвлөрсөн)-ийг тодорхой болгочихсон учир бүтээн байгуулалтын ажлууд цаашдаа төвөг саадгүй урагшлах нь гэсэн итгэл, хүлээлт үүнээс үүдэн нийгэмд бий болсон юм. Энэ үйл явдлаас хойш хоёр жил, найман сарын хугацаа өнгөрчээ. Гэтэл өдгөө тухайн газарт төмөр сараалжин хашаа босгосноос өөр юу ч хийгээгүй байна. Холбогдох байгууллагынхан ч ийм газар бий гэдгийг мартаж орхисон бололтой. Олон нийт ч Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө хаачив гэж үе үе эзэнгүй асуулт тавьдгаас биш, энэ газар яав ийв гэж төдийлөн анхааралгүй өнөөдрийг хүрчээ. Тиймээс бид тус санд хуримтлагдсан мөнгөөр хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхийг холбогдох байгууллагуудад уриалж, сануулахын зэрэгцээ фонд сэргээн байгуулах шийдвэрээс улбаатайгаар шилжүүлэн олгосон уг газрыг зориулалтынх нь дагуу ашиглах асуудлыг ч давхар хөндөж буй юм.
Тухайн газар одоо ямар нөхцөл байдалтай байгааг нүдээр үзэх гэхэд замчлах хүн олдсонгүй. Хүүхдийн төлөө сан, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Чингэлтэй дүүргийн ЗДТГ, Соёлын яам гээд үүнтэй ямар нэг учир сэжмээр холбоотой байгууллагуудын цөөнгүй албан тушаалтантай холбогдов. Тэдний олонх нь энэ талаар мэдээгүй, дуулаагүй гэсэн тайлбар хэлж байлаа. Мэддэг, мэдээлэлтэй хүний сураг чимээ гаргахаар л өнөөх нь амралтаа аваад явчихсан болж таараад байсан нь хачирхалтай.
Уг нь хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтын зориулалтаар газар эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамжид “Газар эзэмших эрхийн гэрчилгээний нэрийг өөрчилсөн тул Соёлын яамтай холбогдох хууль тогтоомжийн дагуу гэрээ байгуулж, гэрчилгээ олгон, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгасугай” гээд цагаан дээр хараар биччихэж. Өөрөөр хэлбэл, тухайн газрыг хууль ёсны дагуу ашигласан уу, юу хийж байна вэ гэдэгт Газар зохион байгуулалтын алба хяналт тавих үүрэг хүлээж. Гэтэл тус албаныхан эл газар хаана байршилтай талаар ч тодорхой мэдээлэлгүй, “Энэ дарга байхгүй, тэр дарга амарсан” гээд сууцгааж байна. Эндээс манай улсын төрийн байгууллагууд хэр зэрэг уялдаа холбоотой, ажилдаа хариуцлагатай ханддаг нь харагдаж байгаа юм.
“Хүүхдийн төлөө фонд” төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг бол Соёлын дэд сайд М.Батбаяр. Эрхэм сайд ч хүүхдийн номын сан, хүүхэлдэйн театр байгуулах газрыг тодорхой зааж өгч чадахгүй байлаа. Хотын даргын захирамжид бичсэнчлэн “Чингэлтэй дүүргийн V хорооны нутаг, Тасганы овооны баруун талд бий” гэсэн маш ерөнхий чиг хэлэв. Ингээд Тасганы овоо орчмын айл өрх, албан байгууллагуудаас асууж, сураглаж байж тус газрыг оллоо. Энэ нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн урд, “Бадма ёга” дацан (хуучнаар “Гэсэр” сүм)-гийн хойно, төв замаас холгүй байрладаг боловч хүний анхааралд тэр бүр өртөхөөргүй, бүтээн байгуулалт хийх газар гэж харагдахааргүй юм билээ. Энд тэндгүй овоолго шороо болсон, хог хөглөрсөн, хашааг нь тойруулаад хадаг самбаа уячихсан учраас дээрх дацангийн эзэмшил гэж эндүүрэхээр. Ундаа, усны сав, шар айргийн лааз энд тэндгүй хөглөрч байгаагаас харахад хүмүүс үе үе найрладаг шинжтэй. Мөн газар нь нэлээд налуу учир барилга, байгууламж барих боломжтой гэж яавч харагдсангүй. Үүний зүүн дээд талд Зая гэгээний “Гүшог” дацан буюу “Богд Зонхава” цогцолборыг улсын төсвийн хөрөнгөөр барьж буй юм байна. Суурийн давхруудыг нь босгоод орхижээ. Тус барилгын манаач “Хүүхдийн номын сан, театр байгуулах газарт шашны байгууламж барилаа гээд хүмүүс нэг хэсэг хэл ам хийгээд сүйд болсон. Тийм биш шүү дээ. Зэрэгцээ байрладаг учраас их андуурдаг юм. Албаны бололтой хүмүүс үе үе энд ирээд явдаг. Хэзээ, юу хийх бол гээд гайхаад л байна” гэсэн юм.
Шашны цогцолбор барьж буй энэ газрыг уг нь 2014 онд цэцэрлэгт хүрээлэнгийн зориулалтаар Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт олгожээ. Хүүхдийн номын сан, театр, цэцэрлэгт хүрээлэнг нэг дор байгуулахаар төлөвлөж байсан аж. Харин сүүлд зориулалтыг нь өөрчлөөд, ийм ажил эхлүүлчихэж. Үндсэндээ хүүхэд багачууд салхилах, амарч зугаалах цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой байсан газарт барилгын суурь босгоод, эзэмшлийн бүсээ нэгэнт тогтоочихжээ. Хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн, үүний зэргэлдээх газар ч ийм замаар орохгүй гэх баталгаа алга.
Уг нь Соёлын яамныхан тус газрын асуудлыг нийслэлээс шийдсэний хойно, гэрчилгээ гардуулснаас 10 хүрэхгүй хоногийн дараа цогцолборын загвар гээд үлгэрийн гэмээр зургийг олон нийтэд танилцуулж байв. Номын сан, театрын ерөнхий төлөвлөлт, үндсэн чиглэлийг тодорхойлсон баримт бичгийг боловсруулсан, кадастрын зураглалаа ч гаргасан гэж “маадайсан”. Тэр ч бүү хэл, уг бүтээн байгуулалтын төслийг 2021-2024 онд хэрэгжүүлэхээр тов гаргаад байсан юм. Харин одоо энэ хугацаа дуусахад ердөө ганц жил үлдэв. Гэтэл тэд зураг төсөлтэйгөө зууралдсаар байгаагаа учирлав.
Соёлын дэд сайд М.Батбаяраас энэ ажил яагаад удааширч буйн шалтгааныг асуухад “Хүүхдэд зориулж номын сан, театр байгуулах нь Засгийн газрын үйл ажиллагаанд тусгасан төлөвлөгөөт ажил. Хийдгээрээ хийнэ. Зураг төслийг нь боловсруулж байна. Газар нь хэвээрээ бий. Шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт тусгуулна” гэсэн юм.
Хүүхдийн төлөө санд хуримтлагдсан хөрөнгөөр өнөөдрийг хүртэл бүтээн байгуулалтын нэг ч ажил хийгээгүй. Үүнийг хариуцаж байгаа ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрынхан “Шаардлага хангах бүтээн байгуулалтын төслийн санал ирүүлэхгүй байна” гэсэн тайлбар хэлдэг. Харин Соёлын яаманд шаардлагатай төсөл, бүр газар нь буй ч хөрөнгө санхүүжилтээс болоод үүнийгээ хэрэгжүүлж чадахгүй зураг төсөлтэйгөө хэдэн он дамжин зууралдаж байна. Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах шийдвэр гаргасан Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үнэхээр л хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийе гэж зорьж буй бол, үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгасан ажлаа санхүүжүүлж хүчрэхгүй байгаа бол өнөөдрийг хүртэлх хугацаанд тусгай санд хуримтлуулсан хөрөнгөөрөө ядаж он удаан жил ярьсан энэ ажлаа урагшлуулах хэрэгтэй. Шашны цогцолбор байгуулах болохоор төсвөөс 20, 30 тэрбумаар нь хөрөнгө мөнгө төвөггүй гаргачихдаг атлаа хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт хийх болоход түмэн зовлон тоочиж, газрыг нь хэдэн жилээр хав дарчихдаг улс Монголоос өөр бий юү. Үгүй л болов уу. Бид өнгөн дээрээ хүүхдийн төлөө гэж “нялхамсдаг” ч үнэн дээрээ тэдний төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй ард түмэн аж. Үүнийг хүүхдийн номын сан, театрын зориулалтаар олгоод 10, Соёлын яамны эзэмшилд шилжүүлээд гурван жил болсон ч хөсөр хаягдсан дээрх газрын жишээ улам тод харуулж байна.