“Чэндү-2021” дэлхийн оюутны спортын зуны универсиад наадамд улсаа төлөөлөн оролцохсагсанбөмбөгийнтамирчдад өмсгөл гардуулах үйл ажиллагаа өчигдөр “UG arena”-д боллоо. Тамирчдын өмсгөлийг “TG sport” спорт хувцас үйлдвэрлэл, худалдааны хамт олон хийжээ. БНХАУ-ын Чэндү хотноо энэ сарын 28-нд эхлэх энэхүү наадамд спортын 18 төрлөөр 50 орны 11 500 тамирчин 269 багц медалийн төлөө өрсөлдөнө. Манай улсаас байт харваа, буудлага, жүдо, сагсан бөмбөг, таеквондо, теннис, туялзуур сэлэм, усанд сэлэлт, ширээний теннисний төрөлд 80 тамирчин, 30 дасгалжуулагчийн удирдлагад оролцох юм. Монголын сагсан бөмбөгийн багийн ерөнхий дасгалжуулагчаар Грекийн иргэн, Үндэсний дээд лигийн “Эрдэнэт майнерс” багийн дасгалжуулагч Фрагиас Василиус ажиллаж байна. Тэрбээр дасгалжуулагчаар 38 жил ажилласан, Грекийн дээд лигт 17 жил баг дасгалжуулж, Азийн аварга, Европын цомд амжилт гаргасан туршлагатай мэргэжилтэн. Тус тэмцээний бэлтгэлийн талаар
Монголын оюутны сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын мастер Г.Баттөр “Миний хувьд багийн бэлтгэлийг хангалттай гэж бодож байна. Оюутны лиг, дээд лиг дөнгөж дуусаад, тамирчид сар хүрэхгүй хугацаанд амраад эргээд бэлтгэлдээ орсон” гэлээ.
Уг наадмыг 2021 онд зохион байгуулахаар товлосон ч цар тахлын улмаас хойшлуулсан юм. Оюутны универсиад хоёр жил тутамд өвөл, зуны спортын төрлүүдээр болдог. Зуны универсиад наадам анх 1959 онд Италийн Турин хотноо явагджээ. Монголын тамирчид 1965 оны Унгарын Будапештийн наадмаас оролцож эхэлсэн байна. Дэлхийн спортын түүхэнд универсиад наадмыг спортын төрөл, тамирчны тоо, зохион байгуулалтын хэлбэр, далайцаар нь “бага олимп” хэмээн нэрлэдэг.
Бэлтгэсэн: Б.Үүрцайх
Зургийг: Э.Харцага