“Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХК, авто замын барилга угсралтын “Шилдэг зам” ХХК-тай хамтран хотын төв байршлуудад хиймэл оюун ухаанд суурилсан төлбөртэй зогсоол байгуулах “Ухаалаг зогсоол” төсөл хэрэгжүүлэхээр болжээ.
Тус төслийн ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Улаанбаатар хот стандартад нийцсэн зогсоолын нэгдсэн тогтолцоотой болох ёстой. Энэ нь түгжрэлийг бууруулахад чухал нөлөөтэй. Зогсоол хайсан жолооч нар авто замын түгжрэлийг 25 хувиар нэмэгдүүлдэг гэсэн судалгаа бий. Тиймээс төслөө ирэх есдүгээр сараас хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр жолооч нар нэгдсэн системээс өөрт ойр зогсоолоо хялбар олох, төлбөрөө олон төрлөөр хийх боломж бүрдэх давуу талтай. Гэрэлтүүлэг, хяналтын камертай тул аюулгүй байдлын хувьд зөв сонголт болно. Цаашид нийслэлийн бүх хэсэгт ийм зогсоол байгуулахыг зорьж байна” гэлээ. Төслийн эхний ээлжид III, IV хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, ЭХЭМҮТ-ийн уулзвараас “Өргөө” кино театрын уулзвар хүртэлх зам дагуу 433, Нэгдүгээр сургуулийн уулзвараас Их тойруугийн уулзвар, Сөүлийн гудамжны замын урд, хойд хэсэгт 145, нийт 578 зогсоол байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн: Д.Хүслэн