НҮБ-ын Женев дэх төв, Олон улсын Олимпын хороо (ОУОХ)-той хамтран зохион байгуулж буй “Эмэгтэй хүний эрхлэх ажил биш? Спорт дахь саад тотгорыг эвдэхүй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Спортын ертөнц дэх жендерийн саад бэрхшээлийг үл харгалзан амжилтад хүрч чадсан эмэгтэйчүүдийг олон нийтэд таниулах зорилготой энэхүү үзэсгэлэнг НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Валовая, ОУОХ-ны Ерөнхийлөгч Т.Бах нар нээж үг хэлжээ. Нийт 95 гэрэл зургийг толилуулсан энэхүү үзэсгэлэнд Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газраас Монголын пара жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Л.Туруунаагийн гэрэл зургаар оролцож байна. Л.Туруунаа нь Баку хотноо 2022 онд, Астана хотноо 2023 онд болсон пара жүдо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс J1 буюу “бүрэн хараагүй” ангиллын эмэгтэйчүүдийн 70 кг жинд мөнгөн болон алтан медалийг тус тус хүртжээ.
Эх сурвалж: ГХЯ