Теннисний дөрвөн “Их дуулга” тэмцээний хамгийн алдартай нь гэж болох “Уимблдон”-д Испанийн К.Алкарас домогт Н.Жоковичийг дөрвөн цаг, 43 минут үргэлжилсэн маш өрсөлдөөнтэй таван сетэд (1:6, 7:6, 6:1, 3:6, 6:4) ялж аваргаллаа. Ингэснээр өдгөө 20 настай залуу тамирчин тус тэмцээнд таван жил дараалж түрүүлэх Н.Жоковичийн хүсэлд саад болов. Н.Жокович сүүлийн 14 “Их дуулга” тэмцээний 10-ынх нь финалд шалгарахдаа наймд нь түрүүлсэн гайхалтай амжилтын эзэн болоод байсан юм. Тэрбээр 2020 оны “Ролан гаррос”, 2021 оны “US оpen”-ий шигшээ тоглолтод ялагдсан билээ.
Сонирхолтой баримтууд
- К.Алкарас 2022 онд “Masters 1000”-ийн хоёр тэмцээнд (Майами, Мадрид) түрүүлсэн. Ялангуяа эх орондоо болсон тэмцээнд Р.Надаль, Н.Жоковичийг дараалан ялж, аваргалсан түүхтэй.
- Тэрбээр Испанийн Мурсиа мужийн Эль Палмар хэмээх 24 мянган хүнтэй жижиг тосгонд төржээ. Түүний өвөө нь хотынхоо теннисний клубийн анхны гишүүн байж. Тэгвэл аав нь Испанийн теннисний аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж байсан, хагас мэргэжлийн тамирчин юм. Карлос удмаа дагаж гурван настайгаасаа теннисээр хичээллэж эхэлсэн.
- Дэлхийн чансааг тэргүүлэгч асан, “French оpen”-ий аварга Х.К.Ферреро К.Алкарасыг 2018 оны зунаас дасгалжуулж буй.
- Түүний шүтээн нь нутаг нэгт Р.Надаль. “Би Рафа шиг болохыг хүсдэг. Хэдий миний тоглолт Рожер Федерерийнхтэй төстэй ч надад үлгэр дуурайлал болдог хүн бол Рафа” гэж К.Алкарас 16 настайдаа tennisworldes.com вэб сайтад өгсөн ярилцлагадаа дурдаж байв.
- Тэрбээр 2018 онд мэргэжлийн теннисчин болсон юм. 2022 оны тавдугаар сараас хойш дэлхийн чансааны VI байрт бичигдэх болсон.
- Өдгөө харин АТР-ийн чансааг тэргүүлж эхэллээ.
Аварга ярьж байна
- Мөрөөдлөө биелүүллээ. Гэхдээ ялагдсан ч би урам хугарахгүй, өөрөөрөө бахархах байсан. Энэ тэмцээний түүхийг бичилцэж, теннисний спортын домогтой финалд тоглосон нь үнэхээр сайхан санагдлаа. Хорин настай залуугийн хувьд итгэмээргүй амжилт.
- Новакийг оргилд үед нь ийм хүнд тулаанд ялж, түүхийг бүтээлээ. Үүнээс гадна энэ талбайд түүнийг сүүлийн 10 жилд анх удаа ялсан теннисчин болсон нь үнэхээр гайхалтай санагдаж байна.
- Энэ ялалтаа би хэзээ ч мартахгүй. Мөн ялалтыг минь харсан залуу теннисчид ч өөрсдөд нь боломж бий гэдэгт итгэж эхэлсэн болов уу. Тиймээс энэ ялалт надад төдийгүй бусад залуу теннисчинд урам өгөх байх.
- Амьдралын минь хамгийн аз жаргалтай мөч өнөөдөр гэдэг нь гарцаагүй. Магадгүй таван жилийн дараа бүх зүйл өөрчлөгдөж болох л юм. Би одоо 20 настай, өмнө нь ийм том ялалт байгуулж үзээгүй учраас яг энэ мөчийг нандигнан хадгалмаар байна.
- Новакийг ялах, “Уимблдон”-д түрүүлэхийг би теннис тоглож эхэлсэн мөчөөсөө л мөрөөдсөн. Тиймээс өнөөдөр бол амьдралын минь хамгийн сайхан мөч.
- Мэдээж энэ бол зөвхөн миний төдийгүй гэр бүл, намайг хүрээлж буй ойр дотнын бүх хүний хувьд баярын өдөр. Би аавыгаа дагаж теннис тоглож эхэлсэн. Аав минь энэ спортын жинхэнэ фэн. Түүний амьдрал тэр чигтээ энэ спорттой холбоотой. Тийм ч учраас хүү нь түүх бүтээж, “Уимблдон”-д түрүүлсэнд баяртай байгаа нь гарцаагүй.
- Новакийг ялж чадна гэж тоглолтын өмнө би бодож байгаагүй. Харин энэ мөчөөс эхлээд түүнтэй “Их дуулга” болон бусад тэмцээнд эн тэнцүү тоглож, ялж чадна гэдэгтээ итгэлтэй боллоо. Би энэ ялалтаа үргэлж санаж явах болно.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар