Монголд ширээний теннисний ахмадын Азийн АШТ үргэлжилж байна. Маргааш өндөрлөх тус тэмцээнд 20 орны 400 гаруй тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн дан хос, ганцаарчилсан төрөлд авхаалж самбаагаа сорьж буй. Нийслэлд анх удаа зохион байгуулж буй эл тэмцээн “UG arena”-д болж байгаа юм. Тоглолтыг эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд 40-44 насныхан эхлүүлэв. Эл төрөлд өрсөлдсөн эмэгтэй теннисчдээс өмнөд хөршийн тамирчин Жао Ю тэргүүлж, Ц.Оюун-Эрдэнэ удаалав. Манайхаас хүрэл медаль зүүсэн хоёр тамирчин нь Б.Дангаа, О.Өнөржаргал нар байлаа. Эрэгтэйчүүдээс Б.Баярмагнай, Л.Баярмагнай нар алтан медалийн төлөө тоглохоор таарсан нь амаргүй учраа байв. Энэ удаа Б.Баярмагнай хүчтэй өрсөлдөгчөө хожсоноор Монголын тамирчдаас анхны Азийн аварга болсон юм.
Тэгвэл уг ангилалд оролцсон тамирчдаас Б.Цэрэнтогтох, БНСУ-ын тоглогч Хан Минтэк нар III байрт шалгарч, шагналын тавцанд зогссон. Дараагийн тоглолтыг эрэгтэйчүүдийн 65-69 насныхан үргэлжлүүлэв. Алтан медалийн төлөөх тоглолтод тивийн шилдгүүд болох БНХАУ-ын оролцогч Ян Жин, сингапур тамирчин Тан Хок Жи нар өрсөлдсөн юм. Тэдний хэн түрүүлэх нь үзэгчдийн анхаарлыг татаж байлаа. Энэ удаа Ян Жин илүүрхэж, аварга гэдгээ амжилтаараа дахин баталлаа. Монголын хөгжөөн дэмжигчид түүний сэтгэл зүй, ур чадвараар бахархан, тоглох техникийг нь бахдав. Тоглолтын дараа түүнтэй цөөн хором ярилцахад “Миний хувьд таван настайдаа ширээний теннистэй нөхөрлөж байлаа. Улсынхаа Жэжян мужийн ширээний теннисний холбооны ерөнхийлөгчөөр цөөнгүй жил ажилласан. Монгол Улсад зохион байгуулж буй эл тэмцээний тоглолтыг шүүгчид шударга дэнсэлж байгаа нь сайхан санагдлаа. Сингапурын тамирчинтай тоглохдоо би гурван удаа торгуулсан. Бид олон тэмцээнд аваргын төлөө таарч байгаа. Түүнийг хожиход тун хэцүү. Монголд анх удаагаа ирсэн надад хүмүүсийнх нь харилцаа, хандлага, сэтгэл өндөр хүлээж авсан байдал, цаг агаар маш их таалагдаж байна. Явахаасаа өмнө хөдөө талыг сонирхож үзэх бодол бий” хэмээв.
Бэлтгэсэн: Н.Болоршүр