Сербийн нэрт теннисчин Н.Жокович өнгөрсөн долоо хоногт “Ролан гаррос” тэмцээнд түрүүлснээр “Их дуулга”-ын 23 дахь түрүүгээ хүртэж, Р.Надалийг гүйцлээ. Ийнхүү тэрбээр орчин цагийн шилдэг эрэгтэй теннисчин гэдгээ нотолж байна. Новак түүхэнд үлдэх олон дээд амжилтыг тогтоосон ч түүний хүрээгүй цөөнгүй амжилт бий.
• Нэг жилд дөрвөн “Их дуулга”-д түрүүлсэн цорын ганц эрэгтэй теннисчин бол Р.Лэйвер (1969 он) билээ. Серби тамирчин эл амжилтад гурван удаа (2011, 2015, 2021) ойрхон очиж, тухайн жилд болдог дөрвөн “Их дуулга”-ын гуравт нь түрүүлж байв. Энэ жил түүнд дутуугаа гүйцээх боломж байгаа бөгөөд үүний тулд Уимблдон, “Америкийн нээлттэй тэмцээн”-д түрүүлэх ёстой.
• Хамгийн алдартай “Их дуулга”-д зүй ёсоор тооцогддог Уимблдонд Н.Жокович долоон удаа түрүүлсэн. Эл үзүүлэлтээр түүний өмнө найман түрүүтэй швейцар тамирчин Р.Федерер бичигддэг юм. Эл амжилттай зэрэгцэх, эсвэл илүү гарах бодол Новакт байгаа биз ээ.
• Мэргэжлийн эрэгтэй теннисчдийн холбооны (ATP) албан ёсны 94 тэмцээнд түрүүлсэн үзүүлэлтээр Н.Жокович түүхэнд гурав, дөрөвдүгээр байрыг И.Лендлтэй хамт эзэлж байна. Түүний өмнө 109 түрүүтэй Ж.Коннорс, 103 цомтой Р.Федерер бий.
• Нийт ялалтын тоогоор (1058) Н.Жокович мөн эхний гуравт ордоггүй. Эл жагсаалтыг Ж.Коннорс (1274), Ж.Федерер (1251), И.Лендл, Р.Надаль (тус бүр 1068) нар тэргүүлж байна.
• Эмэгтэй теннисчдийн дундаас “Их дуулга”-д 24 удаа түрүүлсэн онцгой амжилтыг М.Корт үзүүлж байв. Эл гаргуун амжилтыг давтахын тулд Н.Жокович дахин нэг түүхэн ялалт байгуулах шаардлагатай юм.
• Парист ялалт байгуулснаар сербитамирчин гурав дахь карьерын “Их дуулга”-ын эзэн боллоо. Энэ үзүүлэлтээр түүнтэй зэрэгцэх эрэгтэй теннисчин байхгүй. Харин Ш.Граф эдгээр тэмцээнд тус бүр дөрвөнтөө түрүүлсэн итгэмээргүй амжилтыг эзэмшдэг. Герман бүсгүйн зиндаанд хүрэхийн тулд Н.Жокович “Ролан гаррос”, “Америкийн нээлттэй тэмцээн”-д дахин нэг удаа түрүүлэх шаардлагатай.
Бэлтгэсэн: Н.Энх