Европын хөлбөмбөгийн 2022-23 оны улирал өндөрлөлөө. Энэ удаад шилдэг таван лигийн үр дүнгийн талаар товч танилцуулъя.
АНГЛИ
“Манчестер сити” баг гурван жил дараалж, түүхэндээ долоо дахь удаагаа аваргаар тодорлоо. Тэднээс олон түрүүтэй (13) цорын ганц багнь “Манчестер юнайтед” билээ. Харин дэд байрт орсон “Арсенал” 248 өдрийн турш лигийг тэргүүлсэн ч түрүүлж чадсангүй. Тэд улирлын сүүлч хэрд олон оноо алдсан бол энэ хугацаанд “Сити” 12 дараалж ялснаар аваргын цомыг гартаа атгасан билээ. Түүнчлэн “Сити”- гээс улирлын мэргэн бууч төрөв. Э.Холанд энэ улиралд 36 гоол оруулсан нь Европын топ таван лигт шилдэгт багтах үзүүлэлт юм. Түүний ард 30 гоолтой Х.Кэйн (Тоттенхэм), 29 гоолтой К.Мбаппе (ПСЖ) жагсаж байна.
Эл хоёр багаас гадна “Манчестер юнайтед”, “Ньюкасл” ирэх улиралд “Аваргуудын лиг”-т орох эрх авсан. “Юнайтед” 2021 оноос хойш, “Ньюкасл” сүүлийн 21 жилд анх удаа тус тэмцээний эрхийг авч байгаа юм. Харин Европа лигт “Ливерпуль”, “Брайтон”, “Астон вилла” хүч үзэхээр болов.
ИСПАНИ
2018-19 оны улирлаас хойш аваргалаагүй “Барселона” улирал дуусахаас хэдэн тойргийн өмнө Ла лигт түрүүлэх болзлоо хангасан. Харин “Реал”, “Атлетико” сүүлийн тойрог хүртэл дэд байрын төлөө өрсөлдөөд өмнөх жилийн аваргууд шийр зааж илүүрхлээ. Тэдэн дээр “Сосьедад” (2013-14 оноос хойш), Европа лигийн аварга “Севилья” нэмэгдээд Испанийг төлөөлж “Аваргуудын лиг”-т тоглоно.
Өөр нэг онцлох баг бол 2006-07 оноос хойш анх удаа Европын тэмцээнд оролцох эрхтэй болсон “Осасуна” юм. Мөн “Бетис”, “Виллареал” Европа лигийн хэсгийн шатанд өрсөлдөх боллоо.
ИТАЛИ
Италийн лиг энэ жил дуулиантайгаар төгсөж, “Наполи” 33 жилийн дараа Сери А-д түрүүлэв. 2023-24 оны улиралд “Аваргуудын лиг”-т аваргуудаас гадна “Лацио”, “Интер”, “Милан”, харин Европа лигт “Аталанта”, “Рома” өрсөлдөхөөр боллоо. Харин 10 оноогоор торгуулсан “Ювентус” баг зиндаа доогуур Конференц лигт тоглох юм.
Домогт хөлбөмбөгч З.Ибрахимович зодог тайлсан нь улирлын төгсгөлийн нэгэн сэтгэл хөдөлгөм мөч байлаа. “Верона”-гийн эсрэг тоглолт дууссаны дараа “Милан” баг өдгөө 41 настай Златанд зориулж, 70 мянган фанатын өмнө сүр дуулиантай үдэлтийн арга хэмжээ зохион байгуулав. Өөр нэг онцлох үйл явдал бол доод лиг рүү унахгүйн төлөө “Верона”, “Специя” баг нэмэлт тоглолт хийх болсон явдал юм. 2022 оны зун дүрэмд өөрчлөлт оруулснаар багууд оноо тэнцсэн тохиолдолд нэмэлт үзүүлэлт харалзалгүйгээр хоорондоо тоглох ёстой болсон билээ.
ГЕРМАН
Топ лигүүдээс аваргын төлөөх хамгийн ширүүн өрсөлдөөн Бундеслигт өрнөсөн ч эцсийн дүндээ “Байерн”-ы 11 дараалсан түрүүгээр өндөрлөв. Сүүлийн тойргийн өмнө “Дортмунд” лигийг тэргүүлж байлаа. Тэд аваргалахын тулд талбайдаа “Майнц”-ыг хожиход л хангалттай байв. Тэнцэж, эсвэл хожигдоод харин “Байерн” “Кельн”-ийг ялбал “Байерн” аварга болох байлаа. Гэвч эхний хагаст “Борусси” өрсөлдөгчдөө 0:2- оор хожигдож байсан агаад эцэст нь тоог барьж 2:2-оор тэнцсэн ч тэдэнд зөвхөн ялалт хэрэгтэй. Нөгөө талд “Байерн” өрсөлдөгчөө 1:0-ээр хожиж байгаад 81 дэх минутад гоол алдаж тэнцсэнээр аваргын цом “Борусси” тийш хазайв. Гэвч тэдний аз дутжээ. Ж.Мусиала 89 дэх минутад “Байерн”-д хожил авчирснаар өнгөрсөн жилийн аваргууд цолоо хамгаалах боломж бүрдсэнюм.
Лигийн хоёр топ багийн араас “Аваргуудын лиг”-т “Лайпциг”, “Унион” тоглох эрхээ авлаа. Ерөөс Берлиний баг түүхэндээ анх удаа эл том тэмцээнд зодоглоно.
ФРАНЦ
Сүүлийн хоёр жилд байгаагүй сонирхолтой өрсөлдөөн Лиг 1-т өрнөлөө. Учир нь мөнхийн аварга ПСЖ ердөө нэг онооны илүүгээр “Ланс”-ын урд орж аваргалсан юм. Тус багийн дасгалжуулагч К.Галтье лигтээ сүүлийн гурван жилд хоёр дахиа түрүүллээ. Тэрбээр 2021 онд “Лилль” багтай хамт аваргалж байв.
Сонирхолтой нь, мөнгөн медальт “Ланс” баг 84 оноо авч содон амжилтын эзэн болов. XXI зуунд Францын дээд лигт нэг л баг хоёрдугаар байрт орохдоо ийм өндөр оноо авч байсан нь 2006-17 оны ПСЖ юм. Тэд тухайн улиралд К.Мбаппе тэргүүтэй “Монако”-гоос найман оноо (95 болон 87) дутуу авсан билээ. Гутгаар байрт орсон “Марсель” баг “Аваргуудын лиг”-ийн эрхийн төлөө тоглох бол “Ренн” Европа лигт, “Лилль” харин Конференц лигийн эрхийн тоглолтод оролцоно.
Ташрамд дурдахад, Францын дээд лигт тоглох багийн тоо 18 болж байгаа учир дөрвөн баг хасагдаж, хоёр баг Лиг 1-т тоглох эрх авчээ.
Бэлтгэсэн: Н.Энх