Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагийн орой Л.Мессигийн амьдралын Парис дахь эрин үе дууслаа. ПСЖ багийн улирлын сүүлийн тоглолт нь даруухан мөн таагүй гэмээр уур амьсгалд өндөрлөсөн юм. Багийн бүрэлдэх үүнийг танилцуулах болон улирлын аварга багт шагнал гардуулах үед хөгжөөн дэмжигчид Л.Мессид дургүйцэн шүгэлдсэн, тооны харьцаа 2:2 байхад тэрбээр гоол оруулах 100 хувийн боломжоо алдсан, даруухан “Клермон” багийг хоёр гоолоор хожиж байгаад бариулж хожигдсон гээд эл тоглолт ярих зүйл ихтэй болсон. Ийнхүү Францад өнгөрүүлсэн түүний үе өндөрлөж байна. Аргентин тоглогч Парист хоёр жилийг өнгөрүүлэхдээ гурван цомд түрүүлж (хоёр удаа Лиг 1-ийн аварга, Францын Супер цом), 32 гоол оруулж, 35 оновчтой дамжуулалт өгчээ. Харин цааш нэрт тоглогчийн замналд шинэ хуудас нээгдэнэ. Түүнийг ямар нэг багтай гэрээ үзэглэх хүртэл аль улсын багт тоглох талаарх таамаг, мэдээлэл дэлхий даяар хөвөрсөөр байх нь гарцаагүй.
Түүний дараагийн багийн талаарх эхний таамаг мэдээг “Diario Sport” нийтлэв. АНУ-ын MLS-ийн “Интер майами” баг Л.Мессид дөрвөн жилийн 200 сая еврогийн цалин амласан тухай эхлээд мэдээлсэн бол үүнээс долоо хоногийн дараа Саудын Арабын “Аль Хилаль” баг зургадугаар сарын 6-нд түүнийг шинэ тоглогчоороо танилцуулна гэж “цуурав”. Үүнээс гадна Л.Месси “төрөлх” гэж болох “Барселона” багтаа эргэж очно гэсэн цуу яриа өрнөсөөр байна. Леотой нөхөрсөг харилцаатай Каталоны багийн ерөнхий дасгалжуулагч Хави ч хуучин багийн андаа эргэж ирэхийг хүлээж буй, энэ бол багийнх нь гол зорилго гэдгийг Ла лигийн сүүлийн тойргийн тоглолтын өмнө мэдэгдсэн. “Би түүнтэй ярилцсан. Гэхдээ бүх зүйл эцсийн эцэст Леогоос өөрөөс нь хамаарна” гэж Хави хэлсэн билээ.
Харин ойрын хэдэн долоо хоногт багтаад “Барса”-гаас албан ёсны санал хүлээж авахаар Л.Месси хүлээж буй гэж хөлбөмбөгийн ертөнцийн бүхнийг мэдэгч хэмээгддэг Ф.Романо өгүүлжээ. Гэхдээ тус баг санхүүгийн хувьд тун хүнд байдалд байгаа учраас наана нь Ла лигийн удирдлагатай энэ асуудлаа ярилцаж, шийдэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, аргентин тоглогч “Барса”-д эргэж ирэх, эсэх нь олон хүчин зүйлээс хамаарах юм. Каталоны баг зарим тоглогчоо зарж, солилцоо хийсний үндсэн дээр санхүүгийн нөхцөл байдлаа сайжруулах арга замыг эрэлхийлж ч болно. Хэрэв Л.Месси “Барселона”-д дахин тоглох боломжгүй болбол өөр гурван боломжит хувилбар бий гэнэ. “Аль Хилаль” баг түүнд нэг жилийн 400 сая еврогийн цалин дөрөвдүгээр сараас хойш санал болгож буй. Эсвэл үүнээс найм дахин бага цалингаар MLS-д тоглох боломжтой. Гэхдээ эл хоёр санал нь 2024 оны Америкийн цомын тэмцээн хүртэл Европт тоглох гэсэн Л.Мессигийн хүсэлтэй нийцэхгүй байгаа юм. Мэдээж “хөгшин тив”-д үлдэж тоглох боломжууд бий. Ф.Романо хэдий нэрийг нь хэлээгүй ч Европын топ лигийн хэд хэдэн баг Аргентины супер одын төлөөхөрсөлдөөнд орж магадгүй гэжээ. Аргентины “Ole” сонин л гэхэд Л.Мессиг Английн Премьер лигт очиж магадгүй талаар тавдугаар сард анхлан мэдээлж байв. Сонирхолтой нь, тэдгээр багийн тоонд “Челси”, “Ньюкасль” орж байна. Гэхдээ Лондонгийн баг ирэх улиралд “Аваргуудын лиг”-т тоглохгүй, харин “шаазгайнууд” тус лигт тоглох боломжийг Л.Мессид өгөх юм.
Ямартай ч ирэх саруудад хөлбөмбөгийн супер одын дараачийн багийг нэрлэх “уралдаан” эрчтэй өрнөх нь тодорхой байна.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар