Тажикистаны Душанбе хотод болж өндөрлөсөн жүдо бөхийн гран при тэмцээнд Монголоос үндэсний шигшээ багийн 19 тамирчин зодоглосон. Тэмцээний салхийг хагалж, эмэгтэйчүүдээс 48 кг-ын жинд хүрэл медалийн төлөө ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү нар хоорондоо хүч сорив. Туркийн Анталия хотод өнгөрсөн болон энэ жил зохион байгуулсан “Их дуулга”-д таарсан тэдний ялалт, ялагдлын харьцаа 1:1 болж тэнцсэн. Хайнаа хагалах гурав дахь тэмцээнд Г.Наранцэцэг өрсөлдөгчөө нэмэлт цагт ялснаар гранпри ангиллаас анхны медалиа зүүсэн юм. Тэгвэл сүүлийн өдөр түүний медалийн буухиаг хоёр жүдоч үргэлжлүүлж, шагналын тавцанд зогслоо. Энэ удаа +78 кг-д барилдсан “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ А.Адъяасүрэн Польшийн бөх Кингэ Волсжак, эрэгтэйчүүдээс 100 кг-д “Женко” клубийн тамирчин Б. Гончигсүрэн Дани улсын жүдоч Матиас Мадсенийг цэвэр ялж, хүрэл медалийн эзэн болжээ. Ташрамд дуулгахад, манайхаас зургаан эмэгтэй тамирчин гадаадад легионероор хөл тавьсны нэг нь Б.Хорлоодой. Тэрбээр 52 кг-д АНЭУ-ын нэрийн өмнөөс анхны тэмцээндээ оролцож хүрэл медаль хүртэв.