Монголын боксын үндэсний шигшээ баг, “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Мишээлт энэ спортоор тууштай хичээллэж, дэлхийн медальтнуудын эгнээнд жагссан шилдгүүдийн нэг. Түүний хувьд 2019 он амжилт далласан оргил жил байв. Тэр жил зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, “China оpen”, “India open” олон улсын А зэрэглэлийн тэмцээнд өрсөлдөх эрх гардсан. Өмнөд хөршөөс алт, Энэтхэгээс мөнгөн медальтай ирсэн тэрбээр шилдэг тамирчнаар шалгарч, амжилтынхаа буухиаг үргэлжлүүлсэн юм. Үүнээс хоёр жилийн дараа АНЭУ-ын Дубай хотыг зорьж, Ази тивийн АШТ-ий тулааны дэвжээнээс хүрэл медаль хүртсэн нь ДАШТ-ий шагналын тавцан ойрхон байгааг мэдрүүлсэн гэдэг. Тэрбээр 14 жилийн турш зорьж тэмүүлсэн хүсэл, мөрөөдлөө энэ удаа Узбекистаны Ташкент хотод биелүүлж, хүрэл медалийн эзэн болсон билээ. Монголын боксын спортын ертөнцөд түүхэн амжилтаараа нэгэн шинэ хуудас нээж, Парисын олимпод оролцохоор зорьж буй түүнтэй ярилцлаа.
-Узбекистаны Ташкент хот таны амьдралд мартагдахааргүй дурсамж үлдээлээ. Дэлхийн өнцөг булан бүрт суугаа монголчуудыг тоглолт тань огшоосон гэдэгт эргэлзэхгүй байна.
-Ташкент хотод амьдралдаа дурсаж явах хамгийн сайхан мөчүүдийн нэг тохиосонд баяртай байна. Би тэр өдрийг 14 жил хүлээсэн. Амжилтын төлөө алхам бүртээ шантрах зүйлтэй тулгарсан ч тэвчиж, сэтгэлийн хатаар даван тууллаа. Миний хувьд медаль хүртэнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Тиймээс тэнд хөл тавиад өөртөө “Чи чадах ёстой. Энэ боломжийг алдахгүй заавал ашиглах ёстой” гэж хэлж байв. Өмнө нь Серби улсад 2021 онд болсон ДАШТ-д ялагдсан тул энэ удаа бүх зүйлээ сайтар төлөвлөж явсан. Өмнө нь гаргасан алдаагаа давтахгүйн тулд бэлтгэлээ ч сайн базаалаа. Узбекистаны мэргэжилтэн, боксын зөвлөх дасгалжуулагч Аброр Турсунпулатовын зөвлөгөө, дасгалжуулагч багш нарын минь бэлтгэл хийлгэх арга барилтай маш сайн уялдсаны үр дүнд амжилт гаргасан гэж боддог.
-Танд ДАШТ-ий медаль ойрхон байгааг тус хотод 2017 онд зохион байгуулсан Азийн АШТ-ий тоглолт мэдрүүлсэн болов уу. 67 кг-ын жинд тулалддаг шилдгүүдийн хувьд та энэ удаа шинэ танил нь байлаа.
-Ташкентыг хоёр удаа зорьсон. 2017 онд болсон Азийн АШТ-д анх удаа оролцохдоо эхний тулаанд өрсөлдөгчдөө ялагдаж байв. Ялагдал бүхэн муу байдаггүй. Ялалтад хүрэх алхам болдог. Тэр үед тэндээс медальтай ирнэ гэж бодоогүй ч хожигдсондоо шар хөдөлж, илүү хичээх ёстойг ухаарсан юм. Монголдоо ирсэн даруйдаа бэлтгэлээ өмнөхөөсөө чамбай хийж, хэзээ нэгэн цагт олимп, ДАШТ-ий медальтан болох сон гэх хүсэл сэтгэлдээ тээдэг байлаа. Тэр цагаас зорилгодоо хүрэхээр тууштай зүтгэсэн. Би Азийн АШТ-ий хүрэл медальтай тул жиндээ чансаагаараа эхний долоод бичигдсэн. ДАШТ-д оролцохоор очсон тамирчид утсаа хураалгасан тул сугалаанд хэнтэй таарч тоглохоо судлаагүй. Дасгалжуулагч багш нар тамирчдынхаа өрсөлдөгчдийг судалж, хэрхэн тулалдах талаар зөвлөж байлаа. Энэ ч зөв шийдвэр байв. Эхний тойрогт гоц мөргөж, дараагийнхад Алжирын боксчинтой таарсан. Тэрбээр өрсөлдөгчөө өөр лүүгээ довтлуулан, урин дуудаж тоглодог арга барилтай. Түүний тулалдах техник минийхтэй ойролцоо. Тиймээс тактикт нь “орохгүйн” тулд оноо түрүүлж авах, хамгаалах тоглолт хийсэн. Надтай тулалдсан тамирчдаас Арменийн боксчин амаргүй өрсөлдөгч байлаа. Түүнтэй тулалдахдаа эхний хоёр үед ялагдсан ч оноо ойролцоо тоглосон юм. Харин гуравдугаар үед илүү ажиллаж, 5:0-ээр ялсан. Тэнцэхэд хяналтын хоёр шүүгч оноог дахин харснаар ялалтыг надад өгсөн юм. Бидний тулаан хүнд болсон шүү. Надаас биеэр жижиг ч гэсэн тэрбээр хүч, бяраар хамаагүй илүү. Энэ удаа жингээ ахиулж, 67 кг-д тулалдсан болохоор тэдний хувьд шинэ танил нь байлаа.
-Хүрэл медалийн төлөөх тулаан шагналын тавцанд зогсох, эсэхийг тань шийдэх чухал тоглолт байсан. Монголчууд тэр өдөр амьсгаа даран догдолж үзсэн шүү.
-Венесуэлийн боксчин Кристиан Паласиотой тоглохын өмнө багш нар “Өөрийнхөө зайнд мэдэрч тоглоорой” гэв. Тэрбээр Алжирын тамирчны адил хойшоо ухарч тоглодог. Тиймээс өмнөх тактикийн дагуу эхний үед оновчтой довтолгоо хийж тоглоно гэсэн бодолтой гарсан. Эхний үед хэд хэдэн удаа цохилт хийхээр оролдсон ч тэрбээр мэдрэмж өндөртэй тул миний эвийг олж, нэг их хүч зарцуулахгүйгээр оноо авах зорилготой байлаа. Өрсөлдөгчийнхөө арга барилыг мэдэж, өөрийнхөө боловсруулсан тактикт оруулж хожих нь түүний гол төлөвлөгөө байсан нь тоглолтын явцад анзаарагдсан юм. Багш нар хоёрдугаар үед “Чи түүн рүү довтолж болохгүй. Өөр лүүгээ урин дуудаж тогло” гэж зөвлөсөн. Би ч хэлснээр нь тоглож, тулалдах онцлогийг нь мэдэрч эхэлснээр хожлыг өөрийн талд эргүүлсэн юм. Тулааны төгсгөл үед түүний хөмсөг задрахад шүүгчид тоглолтыг зогсоож, надад ялалтыг өгснөөр хүрэл медалийн болзол хангасан. Түүний өрсөлдөгчөө мэдэрч чаддаг, хүч гаргахгүйгээр эвийг нь олж, хөнгөн тулалддаг ур чадвар их таалагдсан шүү.
-Үзэгчид яг тэр торгон мөчид манай хоёр тамирчин мөнгөн медалийн төлөө амжилттай тоглоод аваргаар шалгарчихаасай гээд цахим хуудсандаа сэтгэгдэл бичиж байлаа.
-Тухайн үед хүмүүсийн баярлан догдолж буй мэдрэмжийн талаар мэдээлэл авах боломжгүй байлаа. Миний хувьд хүрэл медалийн болзол хангасан ч сэтгэл зүйн хувьд өмнөхөөсөө өөрчлөгдөөгүй. Надад “Ийм сайхан боломж гарсан дээр нь медалийнхаа өнгийг өөрчилье. Аваргын төлөөх алтан медалийн тоглолт хамгийн чухал” гэх бодол юу юунаас илүү төрсөн. Багш нарынхаа судалгаа хийснийг харж, зөвлөснөөр нь тоглох нэг талаар стресстэхгүй, амар санагдсан. Мөнгөн медалийн төлөөх тоглолтод эзэн орны Асадхужа Муйдинхужаевтай таарахдаа олон зүйл бодоогүй. Түүнтэй өөрийнхөөрөө тоглоё, медалийнхаа өнгийг хувиргая гэсэн зорилготой дэвжээнд гарсан. Манай холбооны удирдлага, багш нар “Чи түүнээс ч илүү оновчтой цохилтууд хийж тоглосон ч шүүгчид шийдвэрээ нөгөө талд гаргачихлаа. Гэхдээ тэмцээн дуустал эн тэнцүү, харамсахааргүй тулалдлаа” гэж байлаа. Тэрбээр тоглолтын үе бүрт надаас зугтаж, би хөөж тулалдсан шүү дээ. Боксын тэмцээний шударга бус шүүлт энэ удаагийн ДАШТ-ий үеэр ч харагдсан. Манай тамирчдыг өмнөх тэмцээнүүдэд дарж байсан удаа бий.
-Гадаадын томоохон тэмцээнд олон улсын шүүгчтэй оролцохын давуу тал манайханд мэдрэгддэг үү?
-Тэгэлгүй яах вэ. Сая болсон ДАШТ-ий тулааныг олон улсын шүүгч Б.Атарбаяр дэнсэлсэн. Тухайн улсын тамирчид тив, дэлхийн тэмцээнд олон улсын шүүгчтэй оролцох давуу талтай. Тэмцээний үед дэвжээн дээрх тамирчдынхаа ялалтыг хамгаалж үлдэхээс авхуулаад шүүгчийн нөмөр нөөлөг их шүү дээ. Олон улсын шүүгчгүй орны тамирчдыг бусад орныхон дарах тохиолдол цөөнгүй анзаарагддаг.
-Жингээ ахиулж, 67 кг-д тоглосон тань хамгийн зөв шийдвэр байсан гэж олон хүн хэлэхийг сонссон. Ингэх нь дасгалжуулагчид, эсвэл Монголын боксын холбооны бодлого байсан уу?
-Тийм ээ. Намайг 63 кг-аас жин ахиулж, 67 кг-д тоглуулсан нь манай холбооны бодлого, дасгалжуулагч нарын шийдвэр байв. ОУХМ Б.Чинзориг ах өмнө нь 67, би 63 кг-д тоглодог байлаа. Монголын боксын холбооныхон зөвлөлдөж ярилцаад бидний жинг энэ удаа сольсон юм. Өмнө нь 67 кг-д Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга ОУХМ Ц.Батнасан ах насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс хүрэл медальтай ирсэн байдаг. Тэгвэл би ДАШТ-ий 67 кг-д хүрэл медаль хүртсэн анхны тамирчин боллоо. Миний хамгийн их үлгэр дуурайл авдаг хүн бол ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн Б.Чинзориг ах. Бид 2018 оноос өнөөг хүртэл сайхан нөхөрлөж байна.
-Эх орондоо хөл тавиад хэнээс хамгийн сайхан урмын үг сонсов?
-Ээжээсээ “Миний хүү ямар мундаг юм бэ. Хүмүүс над руу утасдаж, баяр хүргээд байх юм” гэдэг үгийг сонсох сайхан байлаа. Одоо ч хүмүүс өдөр бүр залгаж, баяр хүргэсээр л байгаа. Би өмнө нь ээжийгээ ингэж баярлаж байхыг хараагүй. Намайг энэ спорттой нөхөрлөсөн цагаас гэрийнхэн минь дэмжсэн. Өвөө, нагац ах хоёр боксоор хичээллэвэл амжилт гаргах ирээдүй байгааг надад сайтар ойлгуулсан болохоор хичээж, тууштай зүтгэлээ. Хүүхэд байхдаа 36 кг-ын жинд ОХУ-д болсон тэмцээнд оролцохдоо медальгүй хоцорсон юм. Тэр ялагдал олон зүйлийг ойлгуулж, дараагийн тэмцээнд түрүүлэх зорилготой болгосон.
-Таны өмнө 63 кг-ын жинд Гавьяат тамирчин Э.Цэндбаатар хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан санагдах юм.
-Тийм шүү. Тэрбээр одоо мэргэжлийн бокст хүч сорьдог. Өнгөрсөн жилийн УАШТ-д түүнтэй аваргын төлөө тоглож ялснаар би алтан медаль хүртсэн юм. 67 кг-д ОУХМ Г.Баярхүү ах хамгийн хүчтэй өрсөлдөгч. Тэрбээр мөн мэргэжлийн бокст хөл тавьж, амжилттай тулалдаж байгаа. Надтай өмнө нь Азийн АШТ, ДАШТ-д тоглосон тамирчдаас зарим нь энэ удаа жин хасаж, өгссөн харагдсан.
-Бокстой нөхөрлөхөөсөө өмнө хөлбөмбөг тоглодог байсан гэдэг. Үргэлжлүүлсэн бол багийн спортод амжилт гаргах байсан ч юм бил үү?
-Би Орхон аймгийн унаган иргэн. Аймгийнхаа IV сургуулийн сурагч байхдаа “Хангарьд” спорт хорооны хөлбөмбөгийн секцэд явж, багийнхантайгаа УАШТ-д оролцон хүрэл медаль хүртсэн. Хүмүүс тэр үед “Монголчууд багийн спортын төрөлд амжилт нэг их гаргахгүй” гэж их ярьдаг байв. Бээжинд 2008 онд болсон олимпын наадмаас Э.Бадар-Ууган, П.Сэрдамба ах нарыг алт, мөнгөн медаль хүртэхийг харсан юм. Тэр үед өвөө, нагац ах хоёрт намайг хөлбөмбөгөөс илүү боксоор хичээллүүлбэл хожим амжилт гаргана гэсэн бодол төрсөн шиг байгаа юм.
-Спортоос сурч, мэдсэн зүйлээ амьдралынхаа алтан дүрэм болгосон биз?
-Спортоос сурч, мэдсэн бүхнээ амьдралынхаа алтан дүрэм болгоод явж байна. Бокстой нөхөрлөснөөр өөртэйгөө ажиллаж сурлаа. Надад боксын спортын цагаан толгойг анх заасан багш бол Спортын төв сургуулийн дасгалжуулагч С.Дашбурмаа. Биднийг ДАШТ-д амжилттай оролцуулж, медалиас атгуулсан дасгалжуулагчид, мөн тэдний адил хичээл зүтгэл гарган нэг зорилготой ажилласан зөвлөх дасгалжуулагч Аброр Турсунпулатовт маш их баярладаг. Монголын боксын спортын эрэгтэй, эмэгтэй тамирчид ДАШТ-д гайхалтай амжилт гаргаж, эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө. ДАШТ эхлэхээс хоёр сарын өмнө бид Ташкент хотод очиж, бэлтгэл хийсэн юм. Монголын тамирчид хаана ч очсон орчинд нь хурдан дасдаг. Зөвлөх дасгалжуулагч Аброр Турсунпулатов биднийг тус хотоос холгүй орших өөрийн төрсөн нутагт байрлуулж, бүх зүйлээр хангасны ачаар амжилт гаргасан. Тэндхийн хоол их амттай, цаг агаар, уур амьсгалын хувьд манайхтай төстэй.
-ДАШТ-ээс хүртсэн хүрэл медаль Парисын олимпод оролцох итгэл, найдвар төрүүлсэн байх.
-Өмнөд хөршид есдүгээр сард болох “Ханжоу 2023” Азийн наадмаас Парисыг зорих эрх олгох тул шигшээ багийнхан бэлтгэлээ хийж эхэлсэн. Надад одоо зорилгоо биелүүлэх л үлдлээ. Би Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, техник спорт хороогоор овоглоод зургаан жил болж байна. Монголд 2017 онд зохион байгуулсан насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлж, харьяаллынх нь тамирчин болсон юм. Ямар ч тэмцээний дэвжээнд эх орон, харьяаллагддаг байгууллагынхаа нэрийг дуудуулаад гарах сайхан. Тамирчин хүн олон жил тууштай хөдөлмөрлөж байж нэг л өдөр амжилтаас атгадаг. Шагналын тавцанд зогсож байхдаа Төрийн дууллаа эгшиглүүлсэн бол гэх бодол их төрсөн шүү. Надад ДАШТ-ий хүрэл медаль үнэ цэнтэй ирлээ. Зорилго, медаль хоёр миний амьдралыг өөрчилсөн.