Эх орны хил өнөөдөр амгалан байна. Харин энх цагт үүрэг гүйцэтгэж буй хилчид үе үе амиа алдах явдал гарч байгаа нь халагламаар. ХХЕГ-ын даргаар бригадын генерал Х.Лхагвасүрэн томилогдсоноос хойш гарын 10 хуруунд багтахааргүй шахам хилийн цэргийн офицер, ахлагч, хугацаат цэргийн байлдагч нар цаг бусаар амиа алдсан байдаг. Зарим нь ээлжийн амралттай үедээ төрсөн нутаг руугаа явахдаа ослоор амиа алдсан хэмээн ХХЕГ-ынхан тайлбарлаж ч байсан удаатай. Эрдэнэт хүний амь, тэр дундаа эх орондоо тангараг өргөсөн хилийн цэргийн алба хаагчид амиа алдсан тохиолдлууд тэгсхийгээд мартагдсан.
Тэгвэл сүүлийн үеийн авлигын гэмт хэргүүдээс харж байхад хилийн цэргийн офицерууд өргөсөн тангарагтаа үнэнч, эсэх нь эргэлзээтэй цаг үе иржээ. Учир нь “Нүүрсний” гэх хэргээс улбаатайгаар хилийн цэргийн хэд хэдэн алба хаагчиданхан шатны шүүхээр ял шийтгүүлчихээд байна. Эрүүгийн хэрэгт шалгуулж буй хилчин офицер ч цөөнгүй. Тиймээс хилийн цэргийн зарим офицер өргөсөн тангарагтаа үнэнч байж чадах болов уу, өнгө, мөнгөний төлөө эх орноо ч худалдахад бэлэн байгаа юм биш биз гэж хардахад хүргэж буй юм.
Өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, эх орныхоо хилийн халдашгүй байдлын төлөө унтах нойр, идэх хоолоо хугаслан байгаа олон хилчний үйл хэргийг харлуулах гэсэнгүй. “Нэг үхрийн эвэр цохиход мянган үхрийнх доргидог” гэдэг дээ.
Хилийн цэргийн болчимгүй хэдэн офицерын хуудуутай үйлдлийг хууль сахиулах байгууллагынхан удаа дараа илрүүлэн шалгаж, заримыг нь шүүхээр шийдвэрлүүлээд, нэг бусынх нь гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр болчихоод байхад ХХЕГ-ын удирдлага өнөөг болтол ус балгасан мэт дуугүй л сууна. ХХЕГ-ыг шууд удирдлагаар хангадаг Хууль зүй, дотоод хэргийн сайд, яам нь ч нам гүм. Удирдлага зохион байгуулалтаар хангаж чадахгүй байгаа бол хариуцлага тооцдог механизм уг нь бий л баймаар. ХХЕГ-ын даргыг ч уг нь албан тушаалаа урвуулж, хамаарал бүхий хүндээ давуу байдал олгосон үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээр болсон ч УЕПГ-ын Тусгай хяналтын хэлтсийн хяналтын прокурор “Гэмт хэргийн шинжгүй, харьяаллын бус” гэх үндэслэлээр хэрэг нээхээс татгалзсан талаар бид мэдээлсэн. Хилийн цэргийн офицер, ахлагч нарт зориулсан “Хилчин”, “Харуул Алтай” хотхоны барилгыг бариулахдаа хамаарал бүхий хүмүүсийн нэр дээрх аж ахуйн нэгжтэй туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, мөнгийг нь завшсан байж болзошгүй, хүү Л.Түвшинбилэгийнхээ нэр дээр аж ахуйн нэгж байгуулан “Харуул Алтай” хотхоны ард талд, хилийн 0164 дүгээр ангийн биеийн тамирын талбайг татан буулгаж, хувийн сууцууд барьж борлуулсан, “Монголын төмөр зам” компанийн хэрэгжүүлж буй төслийн таван тэрбум төгрөгийн өртөгтэй тендерийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан байж болзошгүй гэж бригадын генерал Х.Лхагвасүрэнг хууль сахиулах байгууллага шалгаж байсан юм.
ОФИЦЕРУУДЫН ГЭМ БУРУУТАЙ, ЭСЭХИЙГ ДЭНСЭЛЖ ЧАДАХГҮЙ НЬ
Хил хамгаалах байгууллагын алба хаагчид бол нийтийн албан тушаалтан. Тэдний өдүүлсэн, албан тушаалаа урвуулсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст шалгадаг. Хамгийн сүүлд гэхэд хилийн 0243 дугаар ангийн хоёр албан тушаалтныг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хавтаст хэргийг нь хүргүүлсэн байна. Сэлэнгэ аймаг дахь дээрх ангийн ... дугаар заставын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Буянтогтох, жагсаалын дарга Б.Чинбат нар хийх ёсгүй үйлдэл гаргасныхаа төлөө бусдаас хахууль авсан хэрэгт холбогдоод буй юм.
Тэднээс өмнө ХХЕГ-ын Нууц, мэдээллийн аюулгүй байдлын албаны Бүртгэлийн нэгдсэн системийн лавлагаа, нууцлал хариуцсан ахлах ажилтан, дэд хурандаа М.Төгс, Цэргийн албаны зохион байгуулалтын газрын Нууцын албаны цахим бүртгэлийн лавлагаа, нууцлалт хариуцсан ажилтан, ахлах дэслэгч З.Солонго нарт холбогдох хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд буй. ХХЕГ-ын дээрх хоёр албан тушаалтан Б.Цэвэгмэд гэх хүнд давуу байдал бий болгож, хуурамч бичиг баримт үндэслэн хилийн лавлагаа гаргаж өгсөн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Тэдэнд холбогдох хэргийг хэлэлцэхээр тус шүүх нэг бус удаа товлоод байсан.
Хамгийн сүүлд гэхэд өчигдөр шүүх хурлыг нь хийхээр зарласан боловч бас л хойшлуулан, энэ сарын 21-нд товлолоо. Шүүх хурал болохгүй байгаа шалтгаан нь нэг шүүгдэгч өмгөөлөгч авах хүсэлт гаргасан, прокурор нь ээлжийн амралттай зэргээс болсон аж.
Шүүхэд шилжсэн ХХЕГ-ын алба хаагчидтай холбоотой хэргүүд шийдвэрлэгдэхгүй удааширсан тохиолдол олон. Хилийн цэргийн нэгэн тусгай ангийн хилчин шалгагч Т.Мөнхзул, БНХАУ-ын иргэн Б.Эрдэнэдалай тэргүүтэй хүмүүст холбогдох хэрэг үүний нэг жишээ. БНХАУ-ын иргэн Б.Эрдэнэдалайг өмнөд хилийн нэгэн боомтоор боодолтой буйданд нуун оруулж ирэхэд манай улсын нэр бүхий иргэд тусалсан байдаг. Өмнөд хилээр Монгол Улсад орж ирсэн түүний паспортод хойд хилээр нэвтэрсэн гэсэн тамга дарсан хэрэгт уг хилчин шалгагч ял шийтгүүлсэн юм. Цар тахлын хөл хорионоос өмнө шүүхэд шилжсэн эл хэргийг 2022 оны арванхоёрдугаар сард л шүүх шийдвэрлэж байв.
Үүнтэй адил ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Н.Адъяа, Ч.Дашдорж, А.Сумъяа нар хээл хахууль авсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт холбогдон 2015 оны аравдугаар сараас шалгуулсан бөгөөд 2022 оны тавдугаар сард буюу долоон жилийн дараа эцэслэн шийдвэрлэсэн юм. Хилээр эртний түүх, соёлын ховор эд зүйл нэвтрүүлэхийг завдсан Г.Батчулуун, Б.Эрхэс-Од, С.Сугар нараас Б.Насанжаргал гэх хүнээр зуучлуулан хахууль авсан, Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчсөн хэрэгт Н.Адъяа, Ч.Дашдорж, А.Сумъяа нар холбогдсон бөгөөд анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан болон Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулан хэргийг нь хэрэгсэхгүй болгосон билээ. Хилийн цэргийн офицеруудын хэргийг шүүх шийдэхгүй удааширч байсан жишээ энэ мэтээр бий.
“УЛС, ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ УМАРТСАН” ГЭЖЭЭ
“Нүүрсний” гэх хэргийн хүрээнд хилийн 0131 дүгээр ангийн “Гашуунсухайт” боомт дахь шалган нэвтрүүлэх албаны офицер, ахлагч нарыг албан тушаалаа урвуулсан, хээл хахууль авсан үндэслэлээр шалгаж дуусан Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхээр шийдвэрлүүлээд буй. Тус боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин, бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн тэргүүтэй албан тушаалтанд дээрх шүүхээс нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, тус бүрийг нь 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэчихээд буй. Харин өнгөрсөн долоо хоногт ШЕЗ-өөс хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа “Нүүрсний” гэх тодотголтой нэг ч хэрэг анхан шатны шүүхэд ирээгүй, шийдвэрлээгүй гэж мэдэгдсэн.
Тэгвэл хууль сахиулах байгууллагаас ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хандан мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Хилийн 0131 дүгээр ангийн алба хаагчид нүүрс ачсан 23 тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх бүртгэл хийлгүй гаргаж, хахууль авсан хэрэгт холбогдуулан гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалтыг алба хаагчдад явуулах, удирдах албан тушаалтнуудын хяналтыг сайжруулах талаар арга хэмжээ авахыг мэдэгдсэн юм.
Тодруулбал, “ХХЕГ-ын харьяа хилийн 0131 дүгээр ангийн “Гашуунсухайт” боомтын шалган нэвтрүүлэх албаны бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, тээврийн хэрэгсэл шалгагч Ж.Даваасүрэн, тус албаны орлогч дарга Д.Амартүвшин нар бүлэглэн нүүрс ачсан 23 тээврийн хэрэгслийн мэдээллийг 2022 оны гуравдугаар сарын 12-ноос дөрөвдүгээр сарын 16-ныг хүртэлх хугацаанд зургаан удаа Монгол Улсын хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн бүртгэлийн санд оруулалгүйгээр БНХАУ-ын “Ганцмод” боомт руу гаргасны хариуд нийт 58 сая төгрөгийн хахууль авсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт тусгагдсан баримтуудаас үзэхэд авлигын гэмт хэрэг гарахад хэд хэдэн шалтгаан, нөхцөл нөлөөлжээ. Хил хамгаалах байгууллага нь Монгол Улсын хилийн аюулгүй байдлыг сахин хамгаалах тусгай чиг үүрэгтэй алба. Гэтэл тус байгууллагын алба хаагчид улс, үндэсний аюулгүй байдлыг умартаж, хувийн эрх ашигтаа хөтлөгдөн бусдаас хахууль авч, нүүрс ачсан олон тооны тээврийн хэрэгслийг Монгол Улсын хилээр бүртгэлгүйгээр хууль бусаар нэвтрүүлж, холбогдох хууль журам зөрчсөн” хэмээсэн байв. Үүнээс үзэхэд яалт ч үгүй “Нүүрсний” гэх хэрэг мөн гэдэг нь харагдаж байгаа юм.
ЯЛ ШИЙТГҮҮЛСЭН ХҮНИЙГ СУДАЛЖ АЖИЛД АВДАГГҮЙ БАЙВ УУ
ХХЕГ-ынхан офицер, ахлагч нарыг ажилд авахдаа тодорхой шаардлага, шалгуурт нийцэж буй, эсэхийг судалж авдаггүй байсан бололтой. НПГ-аас бригадын генерал Х.Лхагвасүрэнд хүргүүлсэн прокурорын мэдэгдэлд “Авлигын гэмт хэрэг гарахад хувь хүний зан төлөв нөлөөлсөн боловч ХХЕГ-ын удирдлагын зүгээс Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийг нэг мөр хэрэгжүүлэн ажилладаггүй, хилийн цэргийн бие бүрэлдэхүүн, алба хаагч нарт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг таниулан сурталчлах үйл ажиллагааг хангалттай түвшинд явуулаагүй нь нөлөөлсөн байна. Мөн хилийн цэрэгт хүний нөөцийг сонгон шалгаруулж ажилд авахдаа хувь хүний зан төлөв, гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан, эсэхийг судалж албан тушаалд томилдоггүй нь харагдаж байна. Тухайлбал, ХХЕГ-ын харьяа хилийн 0131 дүгээр ангийн “Гашуунсухайт” боомтын шалган нэвтрүүлэх албаны тээврийн хэрэгсэл шалгагч Ж.Даваасүрэн 2007 оны зургадугаар сард Хэнтий аймаг дахь Сум дундын I шүүхийн 44А шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145.3 дахь хэсэгт зааснаар таван жил нэг сарын хорих ял шийтгүүлж байсан нь хил хамгаалах байгууллагынхан хүний нөөцөө сайтар судалдаггүйн илрэл. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгах арга хэмжээ авч, нэг сарын дотор хариу ирүүлэхийг мэдэгдэж байна” гэсэн утгатай зүйл бичжээ. 2002 онд баталж, 2017 оны долдугаар сар хүртэл мөрдсөн Эрүүгийн хуулийн 145.3 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгө хулгайлах хэргийг зохион байгуулалттай бүлэг үйлдсэн, эсхүл энэ хэргийн улмаас хохирогчийг амьдралын эх үүсвэрээс нь салгасан буюу их хэмжээний хохирол учирсан, түүнчлэн гамшгийг далимдуулж үйлдсэн” гэж заасан байдаг. Хулгайн хэрэгт ял шийтгүүлсэн хүн ХХЕГ-т албан тушаалд томилогдож буйг тус газрын удирдлага мэдээгүй байна гэдэг хачирхалтай.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛИЙГ УСТГАСАН ГЭХ ҮЙЛДЭЛ ХЭРХСЭН БОЛ
“Нүүрсний” гэх хэргийн мөрдөн шалгах явцын талаар АТГ-аас өнгөрсөн гуравдугаар сард мэдээлэл хийхдээ “11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” хэмээсэн. Харин Гаалийн ерөнхий газрынхан “Тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалт хийж дуусаагүй, шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл эцэслэгдэж гараагүй” гэж мэдэгдсэн билээ. АТГ, цагдаа, тагнуулын байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн нарийвчилсан шалгалтаа үргэлжлүүлж буй бөгөөд үүнд нь хилийн цэргийн алба хаагчид холбогдон шалгуулж байгаа аж.
ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, бригадын генерал Х.Лхагвасүрэнд хаягласан прокурорын мэдэгдэлд бүртгэл, сервертэй холбоотой шаардлага бас тусгасан байгаа юм.
Тодруулбал, “Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомт болон барилга байгууламжийн гадна орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор ашиглаж байгаа дүрс бичлэгийн техник, хэрэгслийн чанар болон тасралтгүй хэвийн ажиллах, уг бичлэгийг хадгалах хугацааг нэмэгдүүлэх, архивлаж байх нөхцөлийг хангах шаардлагатай техникийн нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй” хэмээжээ.
Өнгөрсөн сарын эхээр бичсэн прокурорын мэдэгдэлд хариу өгөх хугацаа болчихоод буй. Авлигын гэмт хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг арилгах, Засгийн газрын 5Ш ажиллагааны нэг “Шүүр”-ийн хүрээнд хэрэг, зөрчилд холбогдсон албан тушаалтнуудаа чөлөөлөх зэргээр хуулийг нэг мөр хэрэгжүүлж буй, эсэхдээ ХХЕГ-ын дарга үндэслэлтэй хариу өгөх ёстой.