Гүйлтийн спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг олон улсын “Улаанбаатар марафон-2023” уржигдар болж, 30 орны 20 мянга гаруй хүн оролцлоо. Найм дахь удаагийн тус марафонд тамирчид 1500 м, 5000 м, 10 км, 21 км, 42 км-ын зайд нас насны ангиллаар шандас сорив.
Д.Сүхбаатарын талбайд нийтийн өдөрлөг хэлбэрээр зохиогдсон “Улаанбаатар марафон-2023”-т зориулж нийслэлийн төв замын автомашины хөдөлгөөнийг хязгаарлаж, урлагийн тоглолт болсон учир олон хүн цуглалаа.
42 км-ын бүтэн марафонд эрэгтэйчүүдээс ОУХМ Н.Мөнхбаяр, эмэгтэйчүүдээс ОУХМ Г.Хишигсайхан нар аваргын алтан цом гардсан. Харин “Улаанбаатар марафон”-ы зургаан удаагийн аварга ОУХМ Б.Мөнхзаяа энэ удаа аман хүзүүдэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын онцолсноор тус марафоныг авлигын эсрэг үйл хэрэгт хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, хүнд суртлыг бууруулах, шүгэл үлээхийг уриалсан авлигын эсрэг “Нэгдье” аянтай хамтатган зохион байгуулсан ажээ.