Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батсүх нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн нэмж шалгаж дуусжээ. Түүнд 2019 онд хэрэг нээж, дараа оных нь дөрөвдүгээр сард саатуулан, гэр, албан өрөөнд нь нэгжлэг хийж, 65 сая төгрөг, 10 000 ам.доллар хураан авч байсан юм. Тэрбээр найз Н.Хүрэл баатартайгаа хамтран “Сохомон” ХХК-ийн нягтлан бодогч С.Жавхлангаас тав, “Best shoes” ХХК-ийн захирал Б.Түвдэнням, нягтлан бодогч Л.Хишигдэлгэр нараас 30.6, “Шилдэг шилтгээн” ХХК-ийн нягтлан бодогч Н.Одгэрэлээс 35 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдсон билээ. Уг хэрэгт дээрх хүмүүсээс гадна Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ч.Сугар, О.Энхтуяа нарыг хамтатган шалгасан бөгөөд “Best shoes” ХХК-д татварын хяналт шалгалт хийснийхээ дараа Б.Батсүхээр дамжуулан хахууль өгөхийг шаардсан хэрэгт буруутгасан байдаг.
Түүнчлэн Б.Батсүх нь Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны Сонгон шалгаруулалтын газрын шалгалтын цахим систем хариуцсан референт М.Алтанбаганад хахууль өгсөн хэрэгт бас холбогдсон билээ. Тэрбээр Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн Б.Буянцэцэгийг тэнцүүлэхийн тулд М.Алтанбаганад ажлынх нь гадаа хоёр сая төгрөгийн хахууль өгсөн гэж буруутгагдсан юм.
Уг нь тэдэнд холбогдох хэрэгт НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-2, 22.4-4, 22.5-1, 22.5-2, 22.5-3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан бөгөөд шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасны дагуу АТГ-ынханд ахин шалгаж дуусгажээ.