ШШГЕГ-ын харьяа Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хүмүүжигч энэ сарын 22- 23-нд шилжих шөнө эргэлтийн байранд эхнэрийнхээ хамт хонохдоо гэргийгээ хөнөөж, дараа нь амиа егүүтгэсэн хэрэг гараад буй. Төв аймагт эхнэр болон аавынхаа хамтаар оршин суух хаягтай Н.М-ийг өнгөрсөн даваа гарагт эхнэр Г.М нь эргэж, нэг хоног хамт байх хүсэлт гаргасан аж.
...Хорих ангийн байрлалд гарсан эл хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд шинжээч эмч нарын дүгнэлт гараагүй учраас тодорхой мэдээлэл өгөхөөс түдгэлзэж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр эхнэр нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан ул мөр байгаа аж...
Н.М нь айлын адуу болон мотоциклууд хулгайлсан хэрэгтээ 2020 оны зургадугаар сард Сүхбаатар аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс таван жил найман сар хорих ял шийтгүүлсэн нэгэн аж. Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн шүүгчийн захирамжаар 2021 онд батлан хэрэгжүүлсэн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд түүнийг хамруулан эдлээгүй үлдсэн дөрвөн жил гурван сарын ялыг нь тэр хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солиод байсан гэнэ. Гэвч Н.М зорчих эрх хязгаарлах ял эдлүүлэх хууль журмыг ноцтой зөрчсөн учраас 2022 оны тавдугаар сарын 22- ноос гурван жил таван сарын хорих ялыг нь эдлүүлэх захирамж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч гаргаснаар дээрх ангид хорих байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198.3-т “Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд ял эдэлж байгаа хоригдол 30 хоногт нэг удаа удаан хугацааны уулзалт хийж болох бөгөөд түр хугацааны уулзалт хийх, захидал илгээх, илгээмж авах, утсаар ярих тоог хязгаарлахгүй” гэж заасан байдаг. Хуулийн эл заалтыг үндэслэн эхнэр Г.М нь хорих ангийн удирдлагад хүсэлтээ гаргаж, иргэний үнэмлэх, гэрлэлтийн гэрчилгээ зэргээ хавсарган зөвшөөрөл авсан аж. Хүсэлт, холбогдох бичиг баримтыг нь үндэслэн нэг хоногийн хугацаатай гэргийтэйгээ уулзах зөвшөөрөл хорих ангийн удирдлага олгож, ангийн байрлал дахь тусгайлан бэлтгэн тохижуулсан, айл, гэрийн зохион байгуулалттай уулзалтын өрөөнд оруулжээ. Энэ үеэс тухайн гэр бүлийнхэд Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 9.1 дэх хэсгийн “Энэ хуулийн 4.1.12- т заасан эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх хүний эмзэг мэдээлэл нь хувь хүний нууцад хамаарна” гэх хуулийн заалт үйлчилж эхэлж буй юм. Өөрөөр хэлбэл, шоронд ял эдэлж байгаа ч гэсэн хүний үндсэн эрхийг хангах үүднээс хяналтын камер, байнгын харуул хамгаалалт тэднийг үргэлж хянаад байдаггүй гэсэн үг. Энэ үед Н.М эхнэрээ хөнөөн, дараа нь өөрийгөө егүүтгэсэн аж. Зарим хэвлэлд бичсэнчлэн мэс хэрэглэсэн гэдэг нь ташаа гэдгийг хууль сахиулах байгууллагынхан хэлж байна.
Хорих ангийн байрлалд гарсан эл хэргийг Говьсүмбэр аймаг дахь Цагдаагийн хэлтэст шалгаж буй бөгөөд шинжээч эмч нарын дүгнэлт гараагүй учраас тодорхой мэдээлэл өгөхөөс түдгэлзэж буй юм билээ. Бидэнд олдсон мэдээллээр эхнэр нь амьсгал бүтэлтийн улмаас нас барсан ул мөр байгаа аж.
Энэ хэрэг хорих ангийн удирдлагыг хариуцлагад татах нэг шалтаг болох нь мэдээж. Өмнө нь Цагдан хорих 461 дүгээр ангид гарсан хүний амь хохирсон хэрэгт хуулиар хүлээсэн ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан хянагч нар, ээлжийн дарга зэрэг хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад шүүх цагаатгаж байсан. Түүнтэй адилаар хорих 425 дугаар ангийн тухайн ээлжийн ажилтнуудыг шалгах нь гарцаагүй. Энэ явдал хүний эрх, тэр дундаа хоригдогч, хүмүүжигчийн эрхийг дэндүү их ярих болсон өнөө үеийн нөхцөл байдалд дүгнэлт хийх үндэслэл болох биз ээ. Манайхаас бусад оронд гэр бүлтэйгээ урт хугацаагаар уулзаж, хонох явдал бараг л байдаггүй гэдэг. Бас ял эдэлж буй хүмүүжигч бүрт шагналын хоног гэж олгодог улс ч ховор гэх юм билээ. Тэгэхээр манайх л хохирогчдын эрхийг тэр бүр ярихгүй атлаа гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон хүмүүжигчдийн эрхийг дэндүү өндөрт өргөж, дэмжиж байдаг орон гэхэд хилсдэхгүй нь.