Авлига гэгч хорт хавдартай тэмцэхэд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар анхаарлаа хандуулж, “5Ш” ажиллагаа хэрэгжүүлж буй билээ. “5Ш”-ийн нэг болох “Шилэн” ажиллагааны хүрээнд Засгийн газрын харьяаны олон сангийн зарцуулалт, түүнд хамрагдаж буй хүмүүс нь төрийн өндөр албан тушаалтан, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд байгаа нь өдгөө олон нийтийн дургүйцлийг төрүүлээд байна. Хамгийн тод жишээ бол Боловсролын зээлийн сантай холбоотой өрнөж буй, өнгөрсөн өдрүүдийн үйл явдлууд. Тэгвэл Боловсролын зээлийн сангаас ч дутахгүй, ашиг сонирхлын зөрчил ихтэй, төрийн өмчийн хөрөнгөөр гадаадад сургах үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн явдлууд Засгийн газрын харьяа агентлагуудад байсаар. Үүний нэг бол Иргэний нисэхийн ерөнхий газар (ИНЕГ)-аас харьяалах салбарынхаа боловсон хүчнийг гадаадад бэлтгэхтэй холбоотой, танил тал, ар өврийн хаалгаар өөрсдөдөө давуу байдал бий болгодог явдал.
...Уг нь Сангийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд хамтран ИНЕГ-аас гадаадад бэлтгэх шаардлагатай мэргэжил болох нислэгийн удирдагч, нисгэгч, нисэхийн инженер чиглэлээр сургаж мэргэжилтэн бэлтгэх тушаал гаргасан байдаг. Гэвч 2010-2020 оны хооронд ИНЕГ-ын зардлаар сурсан 377 иргэний 35-ынх нь эзэмшсэн мэргэжил уг тушаал, журамд нийцэхгүй, нисэхийн салбарын бус, эдийн засаг, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр сурсан нь тодорхой болжээ...
Уг нь хууль хяналтын байгууллагуудаас ИНЕГ-ын хэрэгжүүлж байгаа нисэхийн салбарт мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, хэрэгцээ шаардлага, үр дүн, сонгон шалгаруулалт, төсвийн хөрөнгийн зарцуулалтыг шалгасан байдаг. Хамгийн сүүлд гэхэд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс авлигын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилго бүхий зөвлөмжийг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ч.Мөнхтуяа, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн талаараа олон нийтэд мэдээлсэн. Үүнээс өмнө ХЗДХЯ-наас Төрийн болон орон нутгийн зардлаар суралцаж буй иргэдийн мэдээллийг ил тод болгох зөвлөмж ИНЕГ-т хүргүүлжээ. Гэвч аль аль зөвлөмжийг нь хэрэгжүүлэлгүй хав дарж байгаа юм билээ. Шалтгаан нь ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж буй Ч.Мөнхтуяатай холбоотой ашиг сонирхлын зөрчил үүссэнээс болсон байхыг үгүйсгүй. Энэ талаар дор сийрүүлэн хүргэе.
ИНЕГ-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАР ОЙРЫН ХҮМҮҮСЭЭ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТГҮЙ СУРГАЖ БАЙСАН ГЭВ ҮҮ
ИНЕГ-ыг 2010-2021 оны наймдугаар сарыг дуусталх хугацаанд удирдсан үе үеийн дарга нар олон сая ам.долларын тэтгэлгээр гадаадын их, дээд сургуульд оюутан суралцуулсан аж. Тухайлбал, тус газрын даргаар 2010-2012 оныг дуустал ажилласан С.Батмөнх нийт 50 хүнийг 3 353 310 ам.доллароор АНУ, ОХУ, Тайланд, Украин, Канадад сургасан гэх судалгааг АТГ-аас гаргасан байгаа юм. Тэдний дунд нисэхийн салбарт эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийн болон С.Батмөнхийн дүүгийн, туслахын, нэгэн прокурор асны, УИХ-ын гишүүн асан Ө.Энхтүвшингийн хамаатны хүүхэд гээд олон хүн гэрээ байгуулжээ.
2013-2014 оны хоёрдугаар сар хүртэл ИНЕГ-ыг удирдсан С.Буяндалай 90 349 ам.доллароор АНУ-д хоёр хүн сургах гэрээ хийсэн аж. Түүний дараа тус газрын даргаар томилогдсон Т.Лхагвасүрэн 2014-2015 оны хооронд есөн хүнд 368 516 ам.долларын санхүүжилт олгох гэрээ байгуулсан байна. Тэдний дунд уг даргын охин нь АНУ-д 105 200 ам.доллароор сурсан бол хожим нь ИНЕГ-ын дарга болсон Л.Бямбасүрэнгийн дүү Дашмягмаржавын хүүхэд Таяа БНСУ-д 56 750 “ногоон”-оор сурсныг ч АТГ-ын жагсаалтад багтаажээ.
ИНЕГ-ын даргаар 2015 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд ажилласан Ц.Эрдэнэбилэг тус газарт эрх бүхий албан тушаал хашдаг Батжаргал, Янжинхорлоо, Энхцэцэг зэрэг хүмүүсийнхээс гадна энэ газрын дарга асан С.Буяндалайгийн ахын, хамаарал бүхий өөр нэгэн хүний, Үндсэн хуулийн цэцийн дарга байсан Н.Жанцангийн ач, зээг АНУ, Австрали, Франц, Туркт 498 102 ам.доллароор сургах гэрээ байгуулсан байх юм.
2015 оны есдүгээр сараас 2016 оны наймдугаар сарын 31 хүртэлх хугацаанд ИНЕГ-ыг удирдсан Г.Нямдаваа өмнөх дарга Т.Лхагвасүрэнгийн охин, тус газрын НААХЗА-ны дарга асан Ё.Эрдэнэбат тэргүүтэй таван хүний хүүхдийг БНСУ, Тайланд, АНУ-д сургах санхүүжилтэд 417 795 ам.доллар зарцуулах гэрээ байгуулсан гэнэ.
ИНЕГ-ыг 2016 оны наймдугаар сараас 2021 оны наймдугаар сар хүртэлх хугацаанд удирдсан Л.Бямбасүрэн Зам, тээврийн дэд сайд асан Ержаны, УИХ-ын Тамгын газарт зөвлөхөөр ажилладаг нэгэн эмэгтэйн, ЗТХЯ-ны Нислэг, техникийн осол зөрчлийг шинжлэн шалгах албанд ахлах шинжээч, тасгийн даргаар ажилладаг Х.Наранхүүгийн гээд нийт 28 хүнийг 1 381 824 ам.доллароор Австрали, Англи, Тайланд, АНУ, БНСУ, ОХУ, Украин, ХБНГУ, Канадад сургах гэрээ байгуулсныг АТГ-ын жагсаалтад ил болгоод байна. ИНЕГ-ынхан уг жагсаалтыг алдаатай, Г.Нямдаваагийн үед гэрээ байгуулсан байхад Л.Бямбасүрэнгийн нэр дээр оруулсан хэмээж буй нь ч бий. Алдаа, оноотой ч байсан ИНЕГ-ынхан тэтгэлгээр гадаадын их, дээд сургуульд оюутан суралцуулахдаа хүний нөөцийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлаж бодитоор төлөвлөлгүй, ил тод нээлттэйгээр сонгон шалгаруулалт хийлгүй, олон нийтийг танилцах боломжоор ч хангалгүй ойр тойрныхон, хамаарал бүхий хүмүүс, төрийн өндөр албан тушаалтнуудын садан төрлийнхнийг сургах гэрээ байгуулсан байх юм. Ингэснээр ИНЕГ-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулах, хэтрүүлэх, бусдад давуу байдал олгох нөхцөлийг бүрдүүлсэн аж.
Уг нь Сангийн болон Зам, тээврийн хөгжлийн сайд хамтран ИНЕГ-аас гадаадад бэлтгэх шаардлагатай мэргэжил болох нислэгийн удирдагч, нисгэгч, нисэхийн инженер чиглэлээр сургаж мэргэжилтэн бэлтгэх тушаал гаргасан байдаг. Гэвч 2010-2020 оны хооронд ИНЕГ-ын зардлаар сурсан 377 иргэний 35-ынх нь эзэмшсэн мэргэжил уг тушаал, журамд нийцэхгүй, нисэхийн салбарын бус, эдийн засаг, олон улсын харилцаа, бизнесийн удирдлага зэрэг мэргэжлээр сурсан нь тодорхой болжээ.
Сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаад буй Боловсролын зээлийн сантай холбоотой дуулианы олны анхаарал татсан нэг гол шалтгаан бол гэрээний үүргээ биелүүлээгүй байхад эрх бүхий албан тушаалтнууд шийдвэр гаргаж, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь байсан. ИНЕГ-ын зардлаар сурсан хүмүүсийн дунд ч Боловсролын зээлийн сангийнхтай адил, гэрээний үүргээ биелүүлээгүй хүмүүсээр сургалтын төлбөрийг буцаан төлүүлээгүй, гэрээгээ дүгнээгүй байхад барьцаа хөрөнгийг нь чөлөөлсөн үйлдлүүд ч тогтоогдсон аж.
ӨНӨӨГИЙН ДАРГЫН ХҮҮХЭД НИСЭХЭД ШААРДЛАГАГҮЙ МЭРГЭЖЛЭЭР СУРАЛЦЖЭЭ
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхтуяа ашиг сонирхлын зөрчилтэй учраас АТГ-ын болон ХЗДХЯ-наас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэхгүй байна гэхэд хилсдэхгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.3-т “Ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг хэлэхээр хуульчилсан. Уг заалтыг үндэслэн Ч.Мөнхтуяаг ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэж буй юм.
Тухайлбал, АТГ-ын өгсөн зөвлөмжид түүний хүүхэд болох Батсайханы Золбоогийн нэр дурдагдсан. Өөрөөр хэлбэл, Б.Золбоо нь нисэхийн салбарын бус мэргэжлээр гадаадад сурсан 35 хүний жагсаалтад багтсан байна. Ингэхдээ их хэмжээний ам.доллар ИНЕГ-аас гаргуулсан аж. ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Г.Нямдаваагийн 2016 оны зургадугаар сарын 23-ны А/443 дугаар тушаалаар АНУ-ын Сиатл хот дахь Shoreline нэгдсэн коллежийн инженерийн ангид сурахаар болсон Б.Золбоогийн хоёр жилийн сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байр, хоол, тээврийн зардалд нийт 42 182 ам.доллароор тооцон олгохоор болжээ. Ингэхдээ Вашингтоны их сургуулийн нисэхийн инженер мэргэжлээр сурах эрх авсных нь дараа сургалтын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал яригдсан аж. Гэвч 2019 оны дөрөвдүгээр сард Б.Золбоогийн сургуулийг шилжүүлж, Embry-Riddle их сургуульд нисэхийн шинжлэх ухаан мэргэжлээр сургахаар болсон бөгөөд ИНЕГ-аас 50 436 ам.доллар сургалтын төлбөрт нь өгсөн гэнэ. Ийнхүү ИНЕГ-аас нийт 195.7 сая гаруй төгрөг гаргуулан суралцсан атлаа гэрээний үүргээ биелүүлээгүй юм байна. Тиймээс ИНЕГ-аас 2022 оны дөрөвдүгээр сард гэрээний үүргээ биелүүлэх, сургууль төгссөн диплом, сертификатыг ирүүлэхийг шаардсан ч үл ойшоож хариу өгөөгүй аж.
Үүнээс гадна ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ч.Мөнхтуяатай холбоотой ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй үйлдлүүд бийг ч нисэхийн салбарынхан ярилцаж байна. Тухайлбал, нөхөр Ө.Батсайхан нь нэгэн авиа компанийн дэд захирал, нэг хүүхэд нь ИНЕГ-ын Холбоо, навигац, ажиглалтын албанд инженерийн албан тушаалтай нь Авлигын эсрэг болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчиж байж болзошгүй гэж нисэхийн инженер, техникийн албаныхан шивэр авир гэлцэж буй юм.
Энэ бүхнээс гадна Ч.Мөнхтуяа нь ЗТХЯ-ны Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байхдаа төрийн өмчит МИАТ ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд томилогдсон байдаг. Засгийн газрын “Шилэн” ажиллагааны хүрээнд нээлттэй болсон төрийн өмчит компаниудын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд дунд түүний нэр буй бөгөөд сард 800 000 төгрөгийн цалинтай хэмээсэн байгаа. Энэ нь ч ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчийн ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдуулж буй юм. Учир нь ИНЕГ бол МИАТ төдийгүй бусад авиакомпанийн нислэгийн аюулгүй байдлын үйл ажиллагаа зэрэгт хяналт тавьж байдаг. Гэтэл хянах үүрэгтэй байгууллагынх нь удирдах албан тушаалтан агаарын тээвэрлэгч аж ахуйн нэгжийнхээ ТУЗ-д ажиллаж буй нь ашиг сонирхлын зөрчил үүсгэж байна.
Л.БЯМБАСҮРЭН ДЭД ДАРГЫНХАА ХАМААТАНД СУРГАЛТЫН ТЭТГЭЛЭГ ОЛГОСОН БАЙВ
ИНЕГ-ыг 2010 оноос хойш удирдсан үе үеийн дарга нарын дундаас С.Батмөнх хамгийн их буюу 3.3 сая ам.долларыг гадаадад оюутан сургахад зарцуулсан талаар АТГ-аас гаргаж, ЗГХЭГ, Зам, тээврийн хөгжлийн сайд, ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчид хүргүүлсэн зөвлөмжийн хавсралтад дурджээ. Түүний дараа Л.Бямбасүрэн 1.3 сая гаруй ам.долларын сургалтын гэрээ байгуулсан байх юм. Түүний баталсан гэрээн дунд 2016-2021 оны хооронд ИНЕГ-ын дэд дарга, газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Б.Алтанцомын хамаатанд сургалтын тэтгэлэг олгох гэрээ ч бий. Албан тушаалаа урвуулан ашигласан нэг хэргийн яллагдагч нар үүгээр нэгэндээ найр тавьсан ч байж болох. 2019 онд Б.Алтанцомын эгчийн хүүхдэд АНУ-д суралцахад зориулж 49 770 ам.долларын сургалтын тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ. АТГ-ынхан энэ мэт жишээг “Суралцах хүүхдүүдийн дунд сонгон шалгаруулалт зарлаж сонгодоггүй, суралцагч өөрөө хүсэлт өгсөн тохиолдолд сургалтын асуудал хариуцсан зөвлөл шийдэх зохицуулалттай явсан нь ИНЕГ-ынхан эрх мэдэл, албан тушаалаа урвуулах, хэтрүүлэх аливаа хүнд давуу байдал олгох нөхцөл бүрдүүлсэн байна. ИНЕГ-аас батлан хэрэгжүүлж буй журам нь зөвхөн иргэний нисэхийн салбарт ажилладаг албан хаагч нарт илүү давуу байдал бий болгох нөхцөлийг бүрдүүлжээ” гэж дүгнэсэн байгаа юм. Тиймээс нисэхийн чиглэлээр суралцуулах журмыг хүчингүй болгож, шинээр боловсруулахдаа АТГ-аас санал авч батлах зөвлөмж хүргүүлсэн аж.
Ташрамд дурдахад, манай сонины 2023 оны дөрөвдүгээр сарын 28-ны № 083 (7642) дугаарт нийтэлсэн “Шүүхэд шилжүүлсэн ч гацсан авлигын хэргүүдийн хувь заяа бүрхэг байна” гарчигтай нийтлэлийн дараа ИНЕГ-ын даргаар ажиллаж байсан Л.Бямбасүрэн, дэд дарга асан Б.Алтанцом нарт холбогдох, шүүх дээр дарагдаад нэлээд удсан хэргийг хэлэлцэхээр товлосон юм. Гэвч “Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурлаас шалтгаалж хойшлуулан өнөөдөр хэлэлцэхээр тов гаргаад буй. Л.Бямбасүрэн, Б.Алтанцом нарыг 2019 оны есдүгээр сарын 22-нд яллагдагчаар татсан бөгөөд хэргийг 2020 оны наймдугаар сарын 28-нд шалгаж дуусгаад Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Улс төрд нөлөө бүхий албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээс хойш сураггүй болоод байсан юм. Тэд хууль, журмаа зөрчин “ИНЕГ болон түүний харьяа байгууллагад таваас доошгүй жил ажилласан, үндсэн ажилтан байна”, “Урьд өмнө улсаас буюу байгууллагаас орон сууц авсан болон орон сууцын үнийн хөнгөлөлт эдэлсэн бол хөнгөлөлт олгохгүй” гэх заалтыг үл ойшоож салбарын сайд асан Д.Ганбатын туслах Л.Отгончимэг, ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байсан, сүүлд нь ИНЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр ажилласан С.Мөнхнасан нарт давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татагдсан билээ.