Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны байцаагчид бусдыг хясан боогдуулж хахууль авдаг үйлдлүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлж, зарим бичлэгийг нь олон нийтэд цацаж байсан нь саяхан. Гэвч тус албаныхан хашралгүй хэрэгт холбогдсоор байсан юм. Татан буулгаж, өдгөө Гаалийн ерөнхий газарт харьяалуулсан Хилийн мэргэжлийн хяналтын албаныхны нэг хэргийг АТГ-ынхан шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болжээ. Тодруулбал, Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Б.Болор-Эрдэнэ, Д.Саранцэцэг, О.Бэхцэцэг, Н.Туул нар авто замын шалган нэвтрүүлэх боомтоор гаалийн бүрдүүлэлт хийдэг нэр бүхий иргэдээс 2018 оны арванхоёрдугаар сараас 2019 оны арванхоёрдугаар сарын хооронд, бүтэн нэг жилийн хугацаанд ачаа барааг нь бичиг баримтын бүрдэл дутуу гэх зэрэг үл ялих шалтгаар саатуулж удаа дараа хясан боогдуулж хахууль авсан хэрэгт холбогдоод буй юм.