Нийслэлийн Засаг даргын захирамжаар “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийг зургадугаар сарын 3-нд нийслэл хотноо найм дахь удаагаа зохион байгуулах гэж буй. Тус марафонд гүйх иргэдийг https://ubmarathon.hipay.mn/ цахим хуудас болон “Hipay” аппликэйшнээр энэ сарын 30-ныг дуустал бүртгэх юм. Гүйлтийг үндсэн таван төрлөөр зохион байгуулах бөгөөд хамгийн богино зайд буюу 1500 метрт гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой бол 5000 метрт 12-17 нас, 18 болон түүнээс дээш насны иргэд оролцоно. Энэхүү хоёр төрлийн гүйлтийн бүртгэлийн хураамж 5000 төгрөг байна.
Гүйлтийн 10 000 метрийн зайд 18-аас дээш насныхан оролцох бөгөөд бүртгэлийн хураамж 30 мянган төгрөг. Хагас марафон буюу 21 095 метрийн зайд 18-34 нас, 35-54 нас, 55-аас дээш насныхан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд оролцох боломжтой. Бүртгэлийн хураамж нь 50 мянган төгрөг байх юм.
Бүтэн марафон буюу 42 195 метрийн зайд 18-аас дээш насныхан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд гүйх бөгөөд бүртгэлийн хураамж нь 60 мянган төгрөг байна. Эрүүл мэндийн гүйлт буюу 5000 метрийн зайд оролцогчид бүртгэл, хураамжийг онлайнаар хийж, дараах штабуудаас энгэрийн дугаараа авч, бүртгэлээ баталгаажуулна.
- Багануур дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99704438
- Багахангай дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88060874
- Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо 95705607
- Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 85829111
- Налайх дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88057467
- Сонгинохайрхан дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99072560
- Сүхбаатар дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88085975
- Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хороо 99663717
- Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хороо 88928787
Марафон гүйлтийн 42 195, 21 095, 10 000 метрийн зайн гадаад, дотоодын оролцогчдын бүртгэлийг баталгаажуулж, энгэрийн дугаар, чип, футболк олгох ажил нийслэлийн Биеийн тамир, спортын газар (Нийслэлийн Засаг захиргааны IV байрны нэгдүгээр давхарт буюу “Зоос гоёл”-ын замын урд)-т тавдугаар сарын 25-30-ны 17.00 цаг хүртэл зохион байгуулна. Дэлгэрэнгүй мэдээллийг 7000-2785, 7766-7700, 11-312785 дугаарын утаснаас авах боломжтой.
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зургадугаар сарын 1-нд Сүхбаатарын талбайд болох5000 метрийн зайн гүйлтэд оролцох 12-17 насны хүүхдүүд, 1500 метрийн гэр бүлийн гүйлтэд оролцогчдыг бүртгэлийн хураамжаас чөлөөлнө.
“Улаанбаатар марафон” олон улсын гүйлт нь Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр, залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж, зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдрын болон оюун санааны өв тэгш хүмүүжлийг төлөвшүүлэх зорилготой. Марафонд оролцогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж, иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээний нэг болоод байна.