Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг, “Олимп” хотхоны хойд талын замд өнгөрсөн оны аравдугаар сарын 10-нд “Ландкруйзер-200” загварын автомашин жолоодож, урсгал сөрөн долоон автомашин мөргөж, зам хөндлөн гарч байсан бага насны хоёр хүүхдийг дайрсан
Ч.Маралмаа нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргажээ. Тэрбээр өмгөөлөгч Х.Даваахүүгийнхээ хамтаар зорчих эрх хасах ял оноосон хугацааг багасгуулахаар ийнхүү хандсан аж.
Түүнд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн гуравдугаар сард хэлэлцсэн билээ. Улмаар Ч.Маралмааг жолоодох эрхгүй үедээ их хэмжээний хохирол учруулж, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэм буруутайд тооцсон. Тодруулбал, “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдийн гаргасан хүсэлт зэргийг үндэслэн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жил хасаж, зорчих эрхийг нь хоёр жил хязгаарлах ял оноосон юм.
Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, прокурор А.Ариунаа, шүүгдэгч Ч.Маралмаа, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нарыг оролцуулан өчигдөр хэлэлцсэн хурлаас зорчих эрх хоёр жил хассан ялаа багасгуулахаар гаргасан гомдлыг нь хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээлээ.