2023-2027 он хүртэл цаг уурын түүхэн дэх хамгийн халуун үе байж магадгүй гэж мэргэжилтнүүд анхаарууллаа. Энэ нь хамгийн түрүүнд хүлэмжийн хийн ялгаралтай шууд холбоотой аж.
Холбогдох урьдчилсан мэдээг Дэлхийн цаг уурын байгууллагын (WMO) тайланд нийтэлсэн байна. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ирэх таван жилийн аль нэгэнд дэлхийн гадарга дээрх дулааны хэм “үйлдвэржилтийн өмнөх үеийн түвшнээс” 1.5 градусаар илүү байх гэнэ.
Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Петтер Тааласын хэлснээр урт хугацааны халууны давалгаа эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд сөрөг үр дагавар авчрах аюул заналхийлж байна. Усны нөөцийн менежментийн салбар ч маш эмзэг байна гэж тэрбээ дүгнэжээ.