Зам, тээврийн салбарын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан хэргүүдийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж дуусаад, шүүхээр шийдвэрлүүлэхээр болоод байна. Тухайлбал, ЗТХЯ-ны харьяа Автотээврийн үндэсний төвийн Архив, лавлагааны тасгийн даргаар ажиллаж байсан Б.Батбаярт Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн гэм буруутай, эсэхийг нь дэнслүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Тэрбээр 2019 оны тавдугаар сард өмчлөгчийнх нь зөвшөөрөлгүйгээр “Мерседес бенз” загварын автомашинд байсан 0220 УБС улсын дугаарыг 8661 УНВ болгон өөрчилж, улмаар ижил цифртэй дугаарыг иргэн Э.Энхсаруулын “Тоёота приус”-д шилжүүлсэн аж.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой объект, үйл ажиллагааны гэрчилгээжүүлэлт хариуцсан мэргэжилтэн Т.Уянгыг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон байна. Тэрбээр уг албан тушаалыг хашиж байхдаа санаатайгаар худал танилцуулга хийж, Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны долдугаар сарын А/115 дугаартай тушаалын хавсралтад “Энтайл глобал ложистик” ХХК-ийн Төмөр замын тээврийн үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээний хугацааг гурван жилээр сунгахаар шийдвэрлүүлж, шинэ гэрчилгээ олгон эл компанийнханд давуу байдал бий болгосон хэрэгт холбогдоод буй юм.
Мөн Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Хууль зүйн албаны орлогч даргаар ажиллаж байсан Д.Минжмаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр болсон гэнэ. Уг албан тушаалтан нь тус нийгэмлэгийн хууль зүйн албаны дүрэм, ажилтныг шагнахтай холбоотой тогтоосон дотоод журам зэргээ зөрчиж, багагүй хэмжээний мөнгө үндэслэлгүйгээр авсан хэрэгт холбогдсон аж.