Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй “луу унжиж” байгаа Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Эрэл” компанийнхан “БҮК-1” төслийг хэрэгжүүлэхэд зориулж 23 сая ам.доллар болон 13.1 сая еврогийн зээл дээрх банкнаас авсан байдаг. Зээлийн төлбөрийн үлдэгдэл 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 202 тэрбум төгрөгт хүрээд буй. Хөгжлийн банкнаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 202 тэрбум төгрөг “Эрэл” ХХК-иас гаргуулахаар хандсан бөгөөд хүү, алданги, торгууль зэргийг нь хэрэгсэхгүй болгож, 171.2 тэрбум гаруй төгрөг “Эрэл” компаниас гаргуулж Хөгжлийн банканд төлүүлэх, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нь үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн юм.
Харин УЕПГ-ын Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаныхан Хөгжлийн банкны хүсэлтээр нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд энэ сарын 12-нд хэлэлцсэн, “Эрэл” ХХК-иас зээлийн төлбөр 202.9 тэрбум, “Монгол драй милк” ХХК-иас 74 тэрбум төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй хэрэгт оролцсоноор төрд учирсан хохирлыг барагдуулахаар шийдвэрлүүлж чаджээ. Тодруулбал, “Монгол драй милк” ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 58.4 тэрбум төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган, үнийн дүнг нэмэгдүүлэн 74 тэрбумыг гаргуулахаар болсон аж. Харин “Эрэл”-ээс 171.2 тэрбум төгрөг гаргуулан Хөгжлийн банканд олгуулахаар шийдвэрлэсэн анхан шүүхийн шийдвэрийг өөрчилж, тус банканд олгох үнийн дүнг нэмэгдүүлэн нийт 173.8 тэрбумыг авахаар болжээ.