“Нүүрсний” гэх хэргийг мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд ХХЕГ, түүний харьяа анги, салбарын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулсан байж болзошгүй үйлдэлд холбогдож, заримынх нь гэм бурууг шүүх тогтоогоод буй. Тухайлбал, Өмнөговь аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн Гашуун сухайтын боомт дахь шалган нэвтрүүлэх албаны орлогч дарга Д.Амартүвшин, бичиг баримтын шалгагч У.Доржжүгдэр, М.Дэлгэржунай, Ж.Даваасүрэн нар Монгол, Хятадын хооронд нүүрс тээвэрлэн хилээр гаргадаг “Ханбогд инженеринг”, “Монпропа холдинг” ХХК-ийн автомашинуудыг хилээр шалгалгүй нэвтрүүлснийхээ төлөө багагүй хэмжээний хахууль авсан хэмээн торгох ял шийтгүүлээд буй. Тэгвэл эл аймаг дахь хилийн цэргийн 0131 дүгээр ангийн эрх бүхий албан тушаалтан А.Ганбаяр зэрэг хүнийг “Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхэн мөрдөн байцааж дууссан гэнэ. Уг хэргийн холбогдогч нар 2022 оны арванхоёр, энэ оны нэгдүгээр сард нүүрс тээврийн жолооч нарын өдүүлсэн хууль бус үйлдлийг илрүүлэн шалгаагүйгээр барахгүй, өөрсдөдөө давуу байдал бий болгож байсан хэрэгт холбогдоод буй аж.