Швейцарын Лозанн хотод “International coaching enrichment” олон улсын дасгалжуулагчдын тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөлт болжээ. ОУОХ-ны эв санааны нэгдлийн хүрээнд хэрэгжүүлдэг тус хөтөлбөрт 27 орны төлөөлөл 31 хүн хамрагдсаны нэг нь“Warriors fencing” клубийн дасгалжуулагч Г.Халиунаа. Тэрбээр АНУ-ын “Делаваре” их сургуулийн цахим, танхимын сургалтад хамрагдсан юм. Сертификат гардуулах арга хэмжээнд ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах уригдаж, төгсөгчдөд амжилт хүсэн, сурч мэдсэн зүйлээ эх орондоо хэрэгжүүлэхийг зөвлөсөн байна. Г.Халиунаа “Туялзуур сэлмийн спортыг хувийн болон ерөнхий боловсролын биеийн тамирын хичээлийн хөтөлбөрт оруулах нь” сэдвээр диплом хамгаалж, есдүгээр сараас “Оюунлаг” сургуульд хэрэгжүүлэхээр болжээ. Тэрбээр 2015-2019 онд Азийн АШТ болон Азийн наадамд туялзуур сэлмээр оролцож, гадаадад дасгалжуулагчаар ажиллаж байв.