Киргиз улсын Бишкек хотод болсон туухай өргөлтийн Азийн АШТ-д найман орны 400 гаруй тамирчин өсвөр үе, насанд хүрэгчид гэсэн ангилалд өрсөлдөв. Монгол Улсаас дасгалжуулагч, ахлах ахлагч Л.Билэгтбаатарын удирдлагад 14 тамирчин оролцсоны олонх нь Зэвсэгт хүчний 029, 150, 232, 330 дугаар ангийн офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагч, сонсогч байв. Эрэгтэйчүүдээс тэмцээний салхи хагалж, 68 кг-ын жинд 330 дугаар ангийн дэд ахлагч Г.Гансүх түлхэлтэй төрөлд алт, багийнхад мөнгөн медаль хүртжээ. Түүний дараа 78 кг-д хоёр тамирчин ур чадвараа сорьсноос ахлах түрүүч О.Золбаяр (150 дугаар анги) урт, богино түлхэлттэй болон багийн төрөлд гурван мөнгө, түрүүч Б.Өнөржаргал (330 дугаар анги) түлхэлттэйд түрүүлж, багийнхад удаалсан. Тэгвэл эмэгтэйчүүдээс 58 кг-д сонсогч Г.Оюунтунгалаг, 68 кг-д Б.Ундрах нар (029 дугаар анги) түлхэлттэй төрөлд түрүүлж, Азийн аварга боллоо.
Насанд хүрэгчдийн ангилалд эрэгтэйчүүдээс 68 кг-д ахлагч Л.Түвшинтөгс (150) түлхэлттэй төрөлд тэргүүлж, багийнхад удаалсан юм. 73 кг-д ахлагч Г.Ганзориг (150) түлхэлтэйд хүрэл медаль, 78 кг-ын жинд ахлагч Б.Батбаяр (330) түлхэлттэй болон багийнхад хошой мөнгө, 85 кг-д ахлагч Л.Өнөрсайхан (330) түлхэлттэйд хүрэл, багийнхад мөнгө, 95 кг-д ахлагч Э.Ирээдүй (330) түлхэлттэйд мөн хүрэл, 105 кг-д ахлах ахлагч Б.Найдансүрэн (150) багийнхад мөнгөн медаль хүртжээ. Тус тэмцээний мэргэжлийн төрөлд өрсөлдсөн оролцогчдоос 78 кг-д ахмад Г.Цолмонхүү (029) түлхэлттэйд хүрэл, багийнхад мөнгөн медаль зүүсэн байна. Насан хүрэгчдийн 35-39 насныхны эмэгтэйчүүдийн ангилалд 68 кг-д сургагч ахлагч П.Ганзаяа (232), 68 кг-д ахлах дэслэгч С.Ууганцэнгэл нар (330) түлхэлтэйд тус бүр алтан медалийн эзэн болж, аваргуудын тоог ахиулав. Монголын тамирчид Бишкекээс алт, мөнгө тус бүр 11, дөрвөн хүрэл, нийт 26 медаль хүртсэн байна.