Уулчин хүний мөрөөдөл нь дэлхийн дээвэр Эверестийн оргилд гарах. Манай уулчдаас анх Гавьяат тамирчин Г.Өсөхбаяр 2005 онд Эверестэд мөрөө гаргасан. Түүнээс хойш уулчид уг оргилд ганцаарчлан болон багаараа авирч эхэлсэн гэдэг. Уг замаар өнгөрөгч дөрөвдүгээр сарын 9-нөөс энэ сарын 1 хүртэл 21 хоног аялсан залуус Гималайн нууцлаг ертөнц, дэлхийн дээвэр, домогт Эверест явах замыг дүрстэй, түүхтэй нь, бас өөрсдийн мэдрэмжтэйгээ хамт дэлгэх үзэсгэлэнг энэ сарын 13-18-нд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд толилуулах нь. Аяллын багийн гишүүн Ч.Ганжавхлан “Гималайн өндөр ууланд амьдардаг шерпа ястны ахуй, ёс заншил, шашин, амьдралаас Монголыг олж харах болно. Хоёр хүн зөрөх боломжгүй жимээр 12 монгол аялагч хангай дэлхийдээ залбирсаар л урагшилж явлаа. 241 459 удаа алхахдаа, бясалгахдаа, догдлохдоо, бишрэхдээ чадан ядан буулгасан гэрэл зургаараа монголчуудыгаа “дайлах”-аар төлөвлөсөн” гэв. Үзэсгэлэнгийн үеэр Эверестийн аяллын хөтөлбөрийг танилцуулахаас гадна далайн түвшнээс дээш6119 метрт оршдог Лобучэ оргилд авирсан баримтат бичлэгийг ч үзэх боломжтой аж.