Францын хөлбөмбөгийн дээд лигийн “Реймс” баг энэ улиралд сонин хачнаар дүүрэн байна. Тус багийг “Football manager” тоглоомын фанат, 30 настай В.Стилл дасгалжуулдаг. Тэрбээр багаа гурван сар ялагдуулалгүйгээр удирдаж буй. Түүний довтлогч Ф.Балогун “Лиг-1”-ийн мэргэн буучдын жагсаалтын эхэнд бичигдэж байлаа. Тэгвэл үүн дээр “Лилль”-ийн эсрэг тоглолтод хожлын гоол оруулсан 26 настай хагас хамгаалагч М.Мунецигийн сэтгэл хөдөлгөм түүх нэмэгдэв.
Тэрбээр “Реймс” багт 2027 он хүртэл тоглохоор гэрээгээ өнгөрсөн долоо хоногт сунгасан. Элгэрээнд нь нэгэн сонирхолтой заалт оруулжээ. Тодруулбал, М.Мунецигийн талбайд гүйсэн км тус бүрт баг нь 100 еврог эх орондоо буюу Зимбабвед байгуулсан түүний буяны санд хандивлах юм. Тэрбээр үүнээс гадна цалингийнхаа 10 хувийг сар бүр нутаг руугаа илгээдэг аж.
Сонирхолтой нь, М.Мунеци энэ улиралд талбайд маш их буюу дунджаар 12 км гүйж байгаа. Энэ үзүүлэлтээр түүний өмнө “Клермон”-ы Ж.Гастьен л (12.2 км) ордог юм. Зимбабве тоглогч нэгэн тоглолтод 13.7 км гүйж, Францын дээд лигийн энэ улирлын дээд амжилтыг тогтоосныг дурдах ёстой болов уу.
М.Мунецигийн сайхан сэтгэл үүгээр хязгаарлагдахгүй. Тэрбээр 2021 оны нэгдүгээр сард Зимбабвегийн нийслэл Хараре хотоос холгүй орших Горомонзи тосгон дахь дунд сургуульд багийнхаа нэрэмжит сангаар дамжуулж хөлбөмбөгийн хувцас хэрэгсэл, найман бөмбөг хандивлажээ. Тэрбээр зуны амралтаараа эх орноороо аялж байгаад уг сургуулиар оржээ. Сургуулийн удирдлагатай уулзсаны дараа тэдэнд бэлэг өгөх гэнэтийн шийдвэр гаргасан аж. Үүнээс гадна Хараре хотын захын Мабвуку дүүргийн хоёр ч сургуулийн ядуу айлын 60 хүүхдийн сургалтын хэрэгслийг М.Мунеци даадаг байна.
Тэрбээр сайн санааны үйл хэрэгт яагаад ийм идэвхтэй оролцдог тухайгаа ESPN сувагт өгсөн ярилцлагадаа “Хөлбөмбөгчид хачин сонин зүйлд мөнгөө үрж байгаа талаарх мэдээллийг бид байнга сонсдог. Миний байгуулсан сан бол тамирчид бид юунд мөнгөө зарцуулах ёстойг жишээ болгон харуулах гэсэн нэг оролдлого юм. Хүмүүний амьдрал урт биш ч бид сайн сайхан өв үлдээх ёстой. Тэр тусмаа эх орон нэгтэн, ахан дүүс, дүү нартаа туслах хэрэгтэй” гэж тайлбарлажээ.
М.Мунеци эх орон нэгтнүүддээ туслах урам зориг, санааг “Байерн”-ы тоглогч С.Манегээс авсан аж. “Сенегал улсад Манегийн хийсэн зүйлийг та бүхэн харсан уу. Бүхэл бүтэн хот барьсан шүү дээ. Бид авч буй цалиндаа дүйцэх ажил хөдөлмөр эрхэлж байгаа ч түүнийгээ дараа нь хэрхэн зарцуулах ёстой вэ. Би л хувьдаа дэлхийг өөрчлөхийг хүсэж байна” хэмээн зимбабве тоглогч ярьжээ.
Бэлтгэсэн: Н.Энх