Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу тавдугаар сарын 01-05-ны өдрүүдэд хэрэг бүртгэлтийн 43.298, мөрдөн байцаалтын 2993 хэрэгт хяналт тавьж ажиллав.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 187, Өмчлөх эрхийн эсрэг 88, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 31, Хүний амьд явах эрхийн эсрэг 7, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг болон Хүрээлэн байгаа орчны эсрэг тус бүр 6, Авлига, албан тушаалын 2, Эдийн засгийн эсрэг 5, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах 2, Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх , Заналхийлэх , Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэх , Хүүхдэд садар самуун сурталчлах , Хил хууль бусаар нэвтрэх , Худал мэдүүлэх тус бүр 1, нийт 342 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.П нь зам тээврийн ослын улмаас тус тасагт хэвтэн эмчлүүлж байсан гадаад улсын нэр бүхий иргэнийг Солонгос улс руу эмчийн хяналтад хүргэж өгөхийн тулд “2,000 ам.доллар өгвөл явна, уг мөнгийг өгөхгүй бол явахгүй” гэх зэргээр хясан боогдуулж аргагүй байдалд оруулан 4 900 000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 5 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Сэлэнгэ аймгийн прокурорын газраас тус аймгийн Шаамар сумын Засаг даргаар ажиллаж байсан Ф.С нь тус суманд үйл ажиллагаа явуулж байсан нэр бүхий компанийн захирал П.Б-г албан тушаалын байдлаа ашиглан дарамталж, компанийн үйл ажиллагааг нь зогсооно гэх зэргээр сүрдүүлэн хахууль авсан гэх хэрэгт эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Хахууль авах/, П.Б-д эрүүгийн хуулийн 22.5 дүгээр зүйлийн 3 /Хахууль өгөх/-д тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
- Дархан-Уул аймгийн прокурорын газраас инстаграм хаягаас 14 настай хүүхдэд садар самууныг сурталчилсан дүрс бичлэг явуулж, садар самууныг сурталчилсан, улмаар бэлгийн харьцаанд орохыг санал болгосон иргэн Э.П-лд холбогдох хэрэгт эрүүгийн хуулийн 16.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.