“Ханжоу-2022” буюу 19 дэх удаагийн Азийн наадмыг БНХАУ-д ирэх есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Азийн олимпын зөвлөлийн Гүйцэтгэх зөвлөлөөс уг наадмыг цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулсан билээ. Үүнд 50 гаруй орны тамирчид спортын 40 төрөлд 482 багц медалийн төлөө өрсөлдөх юм. Манай улсаас эл наадмын спорт авиралтын төрөлд өрсөлдөх тамирчдын нэр тодорсон байна. Тэд дасгалжуулагч Х.Нямдоо, Б.Пүрэвсүрэн нарын удирдлагад бэлтгэл базааж оролцох юм. Азийн наадмын спортын авиралтын тэмцээнүүд өмнөд хөршийн Шаосин хотын Кэчяо дүүрэг, Яншан хотод ирэх аравдугаар сарын 3-7-нд болох бөгөөд зургаан төрөлтэй. Манайхаас эрэгтэйчүүдийн ангилалд хурдны төрөлд С.Итгэл, Б.Билгүүн, боулдеринг, техник хосолсонд нь Ч.Мандахбаяр, С.Итгэл, багийнхад ОУХМ Н.Хэрлэн, Ч.Мандахбаяр, Д.Баасандорж, Б.Мөнхбаатар нар хурд сорихоор болжээ. Тэгвэл эмэгтэйчүүдээс хурдын төрөлд Н.Сэлэнгэ, Ц.Анар, боулдеринг, техник хосолсонд нь Н.Сэлэнгэ, О.Ууганцэцэг нар өрсөлдөнө. Сонирхуулахад, “Монгол шуудан” компаниас олимпын наадмын шинэ төрлүүдээс спорт авиралтыг онцолж, “Спорт авиралт” сэдэвт цуврал маркийг энэ онд багтаан гаргахаар төлөвлөжээ. Уг санаачилгыг Олон улсын уулчдын холбооны Залуучуудын комиссын гишүүн О.Батсайхан гаргасан байна.