Монголын хэт холын марафон гүйлтийн холбоо, Багахангай дүүргийн ЗДТГ хамтран “Багахангай-2023” марафон гүйлтийн УАШТ-ийг 12 дахь жилдээ зохион байгууллаа. Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн алба хаагчдаас гадна Монгол, АНУ, Япон, Нидерланд, Киргиз зэрэг таван орны тамирчид тус тэмцээнд өсвөр үе, насанд хүрэгчдийн төрөлд өрсөлдөв. 15 аймаг, зургаан дүүргийн төлөөлөл болох 44 байгууллага, клубийн 500 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон уг тэмцээний насанд хүрэгчдийн 10 км-ийн зайд зэвсэгт хүчний 327 дугаар ангийн артиллерийн дивизионы Хангалт үйлчилгээний салааны нярав, ОУХМ, ахлагч Б.Мөнхзаяа түрүүлж аварга боллоо. Тэрбээр хөнгөн атлетикийн тав, 10, 21, 42 км-ийн зайд улсынхаа дээд амжилтыг эзэмшдэг. Мөнгөн медаль хүртсэн дэд ахлагч Б.Сарангуа 12, буухиа төрөлд тусгай байр эзэлсэн Г.Уугантуяа 24 цагийн гүйлтийн дээд амжилтыг эзэмшдэг аж. Г.Уугантуяа нь Тайваньд 2018 онд зохион байгуулсан 24 цагийн марафон гүйлтийн Азийн АШТ-д улсын рекордыг шинэчлэн тогтоож байв.