Туялзуур сэлмийн спортын насанд хүрэгчдийн 11 дэх удаагийн УАШТ өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороонд боллоо. Тус тэмцээнд долоон клубийн 100 орчим тамирчин оролцож, хурд мэдрэмж, ур чадвараараа өрсөлдөв. Эмэгтэйчүүдийн ангилалд “Улаанбаатар фенсинг” клубийн тамирчин Б.Амарзаяа тэргүүн байр эзэллээ. Дэд байрт “Дуэль” клубийн З.Хишигдэлгэр, гуравдугаарт “Хангарди” клубийн тамирчин, ОУХМ Б.Гэрэлмаа, Б.Баярчимэг нар шалгарчээ. Алтан медаль хүртсэн Б.Амарзаяа энэ жил дөрөв дэх удаагаа улсын аварга болсон юм. Тэгвэл эрэгтэйчүүдийн ангилалд “Илдэн” клубийн тамирчин Э.Нямлхагва тэргүүн байр эзлэв. Тэрбээр анх удаа улсын аварга боллоо. Дэд байрт “Дуэль” клубийн тамирчин Б.Бямбажаргал, гуравдугаарт “Улаанбаатар фенсинг”-ийн Э.Дөлгөөн, “Илдэн” клубийн Х.Анхбаяр нар тус тус шалгарсан байна.