Кэндо нь Японы самурай нарын эртнээс баримталж ирсэн, илдтэй тулааны урлаг юм. Өөрийн гэсэн дэг жаяг, дүрэм, тулалдах техник, философид суурилан хөгжлийн үе шатыг туулж өнөөг хүргэсэн ч мөн чанар нь өөрчлөгдөөгүй. Орчин үед спортын нэгэн төрөл болсноор олон улсад сонирхож хичээллэгсдийн хүрээ тэлжээ. Кэндогийн гол зорилго нь өөрийгөө ялан дийлэх зарчимд тулгуурладаг. Энэ спортод хөл тавьсан тамирчид бие бялдар, оюун санааны хувьд зөв төлөвшиж, ёс суртахуун, хүндлэл, шударга байдалд суралцана. Тиймээс тулаанд өрсөлдөгчөө хүндэлж сэтгэл хөдлөлөө ил гарган илэрхийлэлгүй, хүндэтгэлтэйгээр өндөрлүүлэхийг эрхэмлэдэг байна. Тэд олон зууны тэртээгээс уламжилж ирсэн кэндогийн “амин сүнс”-ийг хадгалж үлддэг онцлогтой. Монголд кэндогийн тамирчин бэлтгэдэг клуб цөөнгүй бий. Өнгөрсөн нэгдүгээр сард “UNC-2023” 15 спорт холбооны нэгдсэн УАШТ-ий ганцаарчилсан төрөлд “Чикара кэндо” клубийн тамирчин, олон улсын II дан зэрэгтэй А.Нямжав хүрэл медаль хүртсэн. Тэрбээр барилгын инженер мэргэжилтэй. Өдгөө “Junson construc¬tion” компанид ажиллaдаг. Кэндогоор хичээллэж, өсвөр үеийн УАШТ-д гурван удаа түрүүлэн, багийн төрөлд таван удаа аварга болжээ. БНСУ-д 2016 онд болсон ДАШТ-д шигшээ багт багтан оролцож, дараа жил нь БНХАУ-ын Чөнжү хотод зохион байгуулсан олон улсын тулааны урлагийн наадам, Бээжинд болсон нээлттэй тэмцээнд өрсөлдсөн түүнтэй ярилцлаа.
-Залуус хөлбөмбөг, бөхийн төрлүүдээр хичээллэх сонирхолтой байдаг. Сэтгэлийг тань кэндо юугаараа татсан юм бол?
-Нэг өдөр найз минь илдтэй тулааны тамирчид бэлтгэл хэрхэн хийдгийг сонирхуулж харуулахаар дагуулж явлаа. Кэндо тулааны спорт гэдэг утгаараа надад их таалагдсан юм. Хүсэл, сонирхолдоо хөтлөгдөж ирээд “Монгол кэндо” клубт бэлтгэл хийсэн тэр өдрөөс өнөөг хүртэл ес дэх жилдээ хичээллэж байна. Би ажил, амьдралын талбарт хөл тавьсан ч дуртай спортоосоо холдоогүй. Энэ спорттой нөхөрлөснөөр олны дунд биеэ зөв авч явах, өөрийгөө болон өрсөлдөгчөө хүндлэх ёс зүйд суралцлаа. Би одоо ямар ч их ажилтай байсан клубтээ бэлтгэл хийхээр дурлаж ирдэг.
-Тамирчидтайгаа бэлтгэл хийхийг тань харж, хэсэг суулаа. Танаас аливаа зүйлд амархан бууж өгөхийг хүсдэггүй зан цухалзаж харагдана.
-Тийм ээ, би их шартай. Энэ зан минь намайг хурцалдаг. Тамирчин хүн спортод үлдэхийн тулд олон сорилттой тулгардаг шүү дээ. Өсвөр үеийн УАШТ-д анх оролцохдоо өрсөлдөгчөө хожих боломж байсан ч ялагдаж, мөнгөн медаль хүртсэн. Тэмцээнд түрүүлсэн тамирчид Японы Элчин сайдын яамнаас хэрэгжүүлсэн “JENESYS-2016” хөтөлбөрийн хүрээнд тусулсад 10 хоног аялах эрхээр шагнуулсан юм. Уг хөтөлбөрт хамрагдахаар өрсөлдсөн ч зорилгоо биелүүлээгүйд гонсойж, хичээллэхээ болих талаар бодож билээ. Тэр үед өөрийн эрхгүй шар хөдөлж, ирэх жил заавал түрүүлээд Японыг зорино гэх хүсэл минь намайг тулааны спортод үлдээсэн.
-Спорт холбоодын нэгдсэн УАШТ-д кэндогийн тамирчид анх удаа оролцсон нь олны сонирхлыг их татсан. Тэр тэмцээн хүмүүст хүүхдүүдээ хичээллүүлэх бодол төрүүлсэн байх.
-“UNC-2023” нэгдсэн УАШТ-д илдтэй тулааны спортын болон тамирчдын онцлогийг орон даяар шууд дамжуулсан нь үзэгчдийн сонирхлыг их татсан. Миний хувьд зохион байгуулагчдын багийнхантай “Степпе арена”-д шөнө жин завгүй ажиллаж, өглөө нь тэмцээндээ оролцох амаргүй байлаа. Надад хүрэл медаль үнэ цэнтэй ирсэн. Намайг олон зүйлээр сорьсон шалгуур энэ спортод хэрхэн дурлаж, татагдсаныг минь дахин ойлгуулсан гэж боддог. Намайг анх хичээллэх үед кэндог спор тын төрөл гэж хүлээж авах олны хандлага өнөөгийнх шиг байгаагүй. Спортын талбар өрсөлдөөн ихтэй. Тэвчсэн нь үлдэж, шантарсан нь буцдаг бичигдээгүй дүрэм үйлчилж байдаг. Тиймээс өмнөө тулгарсан олон бэрхшээлийг өөдрөг бодлоор даван туулсан. Энэ утгаар нь яривал кэндо ажил, амьдралаа зөв зохицуулах, цагийг үр дүнтэй зарцуулах ухаанд сургалаа.
-Гэр бүл, найз нөхдөө үнэнч хөгжөөн дэмжигч болсныг харах сайхан санагддаг биз?
-Ойр дотнын найз нөхөд минь одоо миний үнэнч хөгжөөн дэмжигч болжээ. Спортод гэр бүлийн дэмжлэг, хандлага их нөлөөлдөг. Аав, ээж намайг оюутан болж, бие даах үед “Энэ чиний хувийн орон зай, бас хүсэл зорилго, сонголт тань шүү дээ. Үр дагаврыг нь чи хүртэх болохоор сонирхож буй зүйлдээ цаг, зав гаргаж өөрийгөө хөгжүүл” гэдэг байв. Надад итгэж, өөрөөр минь сонголт хийлгүүлсэнд баярладаг юм. Би өөрийнхөө гаргасан шийдвэрт эзэн байхыг хичээдэг. Тамирчин гэлтгүй ямар ч хүн найдвартай ар талтай байна гэдэг амжилт гаргах нэг үндэс. Бэлтгэл тараад ирэхэд халуун цай, хоолтой угтах гэр бүлтэй байх сайхан. Монголын кэндогийн холбоо ашгийн бус байгууллага болохоор тамирчид хувийн зардлаар хилийн дээс алхаж, тэмцээнд оролцдог. Гэрийнхэн минь тэр бүхэнд санхүүгийн дэмжлэг үзүүлж, ямар байгууллагын хаалга татах вэ гэх бодол төрүүлэхгүй өнөөг хүргэсэн.
-Тулааны спортод хөл тавьснаа амьдралдаа хийсэн хамгийн зөв алхам гэж боддог уу?
-Тийм ээ, өөрийгөө олоход маш их тусалсан. Кэндо уншиж, судлах зүйл ихтэй, бодож, бясалгах философитой. Тулааны гайхамшгаас гадна бичгийн эрдмийг давхар хослуулдаг онцлогтой. Спортоос сурсан бүхэн миний амьдралд хэрэг болдог. Кэндод ялагч, ялагдагч гэж байдаггүй. Харин өөрийгөө ялан дийлж, дараагийн түвшинд хөгжүүлдэг юм. Кэндогийн тамирчид эртнээс уламжилж ирсэн нарийн дэг жаягийг одоо ч эрхэмлэн баримталдаг. Спортын бусад төрөлд өрсөлдөгчөө ялсны дараа сэтгэл хөдлөлөө илэрхийлж болно. Тэгвэл кэндогийн тулаанд ялсан тамирчин дэвжээнээс буутлаа нүүрний хувирал гаргахгүй. Энэ нь өрсөлдөгчөө хүндэлж буй соёл юм. Энэ спортод тогтуун, тайван байх нь даруу төлөв занг илэрхийлдэг. Кэндодотоод сэтгэлийн амар амгаланг олоход тусалдаг.
-Кэндогийн тулаанчид олонх нь хар хувцастай байх юм. Таны өмссөн цагаан хувцас юуг илэрхийлдэг вэ?
-Би цагаан хувцсанд дуртай. Долоон жил өмсөж байна. Японд хижээл багш нар, өндөр зэрэглэлийн тамирчин, эсвэл эхлэн суралцагчид өмсдөг. Цагаан хувцас нь тухайн тамирчны эрч хүч, дайчин, шийдэмгий байдлыг илэрхийлнэ. Хэрвээ өмссөн бол тэр хэмжээний ур чадварыг бусдад харуулахыг зорих хэрэгтэй. Энэ нь дотоод сэтгэлээрээ ч бас ялгарахад түлхэц өгдөг гэсэн үг.
-Та тамирчин болсноор өөрийгөө хэр өөрчилж чадав?
-Багадаа онгироо, чаддаг зүйлдээ бардам зан гаргадаг хүүхэд байлаа. Кэндогоор хичээллээд даруу төлөв болж хүмүүжсэн. Тухайн тамирчин хичээллэдэг спортдоо ямар хандана, амьдрал дээр ч мөн тийм л байна. Кэндогийн спорт эрч хүчээ барагдтал бэлтгэл хийсний дараа дахин үргэлжлүүлэхийг шаарддаг. Эрч хүч, бүх нөөцөө шавхсаны дараа хүн дотоод мөн чанараа илүү гаргадаг. Уналтын цэгээс хүн өөрийгөө өмнөхөөсөө илүү танин мэдэж, алдаа дутагдлаа засаж залруулдаг юм билээ. Би бэлтгэл хийх бүртээ дараа нь хичээллэхгүй гэж боддог байв. Гэсэн ч дахин шинэ хүн болж, өөрийгөө ялан дийлэхээр ирдэг.
-Таныг кэндогийн шигшээ багт багтаж, ДАШТ-д оролцсон тухай сонссон.
-БНСУ-д болсон ДАШТ-д багийн төрөлд оролцож байлаа. Мөн Бээжинд зохион байгуулсан нээлттэй тэмцээнд өрсөлдөж, Японд хамтарсан бэлтгэл таван удаа хийсэн. Япончууд кэндог үндэслэгч гэдгээрээ дэг жаяг, соёлыг нь анх хөгжсөнөөр нь баримталж өнөөг хүргэсэн. Монголчууд дайчин, омголон зантай. Энэ зан чанар нь кэндогоор хичээллэхэд түлхүү илэрч, тулалдах эрмэлзэлтэй болгодог. Спортын ямар ч төрөлд амжилт гаргахад, тэвчээр, мэдрэмж, ухаан, ур чадвар хэрэгтэй. Есөн жил хичээллэхэд надад уйлж, баярласан удаа цөөнгүй.
-Барилгын бүтээн байгуулалтын ажил ачаалалтай байдаг шүү дээ. Таныг бэлтгэл хийж, алжаалаа тайлдаг болохыг ярианаас тань ойлголоо.
-Надад бэлтгэл хийх хугацаа хамгийн үнэ цэнтэй. Нийгэмд үүссэн стресс бухимдлыг спорт тайлдгаараа гайхамшигтай. Биеийн дасгал хөдөлгөөн, сэтгэл зүйн байдалд таатай нөлөө үзүүлнэ. Тамирчид клубтээ ирсэн үедээ нийгмийн амьдралаас түр боловч холдож, стресс, бухимдлаа тайлж, өөрөөсөө авч хаядаг. Спорт хүнийг төлөвшүүлэхийн хэрээр төлөвлөхийг ч бас шаарддаг. Төлөвлөж сураагүй бол амжилт хэзээ ч гаргахгүй. Би хүүхэд байхаасаа долоо хоногийн гурван өдрийг энэ спортод зориулж ирсэн. Ямар ч завгүй байсан клубтээ заавал очих ёстой гэх шаардлагыг өөртөө тавьдаг. Ингэх нь намайг ажил, амьдрал, сонирхдог зүйлдээ үүрэг хариуцлагатай хандахад нөлөөлдөг юм.
-Таныг зориод ирэхэд хэн угтан авч, тамирчнаар бэлтгэв?
-Надад кэндо анх заасан хүн бол “Монгол кэндо” клубийн тамирчин Б.Дамдинсүрэн. Түүний дараа тус клубийн дасгалжуулагч Э.Уртнасан багш хичээллэх суурийг минь зөв тавьж өгсөн. Би түүний удирдлагад дөрвөн жил бэлтгэл хийсэн. Хэрхэн зөв ёслохоос эхлээд хэрэг болох олон зүйлийг харамгүй заасан тэдэнд их талархдаг. Бид одоо ч холбоотой байдаг юм. Миний хувьд “Shinki kendo” клуб байгуулж, Хан-Уул дүүрэгт ирэх долоо хоногт нээхээр төлөвлөж байна.