Премьер лигт сүүлийн 19 жилд анх удаа түрүүлэхүйц хүчирхэг, өрсөлдөөнтэй тоглолт үзүүлж буй “Арсенал” багийн тэргүүлэл багассаар өдгөө “Манчестер сити”-гээс таван онооны илүүтэй (гэхдээ “их буучид” хоёр тоглолт илүү хийсэн) болжээ. Эл хоёр багийн өнөөдөр болох тулаан аваргын хувь заяаг шийдэх асар их ач холбогдолтой юм. Уг тулааны өмнөх мэдээллийг хүргэе. 2023 оны нэгдүгээр сарын 15. “Арсенал” гайхалтай, уран тансаг тоглолт үзүүлж, “Тоттенхэм”-ийг итгэл төгс буулгаж авснаар Хойд Лондоныдербид хоёр дахиа ялав. Нэг долоо хоногийн дараа буюу нэгдүгээр сарын 22-нд “их буучид” талбайдаа Э.Нкетийгийн 90 дэх минутад оруулсан гоолын ачаар “Манчестер юнайтед”-ыг 3:2-ын харьцаатай буулгаж авлаа. Энэ удаад ч М.Артетагийн багийн үзүүлсэн тоглолтын чанарыг хөлбөмбөг сонирхогчид гайхан бишрэв. Эл хоёр тоглолт нь тус багийн хийсэн “албан ёсны мэдэгдэл” байлаа гэж тухайн үед Английн хэвлэлд бичиж байсан билээ. Мэдээж аваргын амбицын талаарх мэдэгдэл байж таарна.
Цаг хугацаагаар үргэлжлүүлэн аялъя. Хоёрдугаар сарын 18-нд Бирмингэмд болсон “Астон вилла”-гийн эсрэг тоглолтод “Арсенал” хоёр ч удаа гоол дутуу явсан ч (0:1, 1:2) эцэст нь 4:2-оор ялав. Шийдвэрлэх гоолыг 90+3 дахь минутад Жоржиньо оруулсан ч албан ёсны бүртгэлд хаалгач Э.Мартинесийн авто гоол гэж тэмдэглэсэн юм. Гуравдугаар сарын 4, Лондон хот, “Эмирэйтс” цэнгэлдэх хүрээлэн. Тоглолтын 57 дахь минутад “Арсенал” 0:2-ын харьцаатай “Борнмут” багт хожигдож байсан ч гурван гоол угсруулан оруулснаар 3:2-оор ялав. Хожлын гоолыг тоглолтын 90-7 дахь минутад сэлгээний тоглогч Р.Нелсон пуужин мэт алсын цохилтоор оруулсан юм.
“Астон вилла”, “Борнмут”-ыг буулгаж авсан ийм тоглолтуудыг аваргын зангарагтай хожил гэж үзэх нь зүй ёсных билээ. Хожигдож байгаад өөрийн хүч чадал, тэмцэх хүслээ илэрхийлэн “барьж” хожсон ийм л тоглолтууд нь аваргын цомыг авчирдаг. Дөрөвдүгээр сарын 21. “Арсенал” талбайдаа “Саутхэмптон”-ыг хүлээн авч, 0:2, 1:3-ын харьцаатай хожигдож байсан ч 88, 90+1 дэх минутад гоол оруулснаар эвийн гэрээ байгуулав. Тоглолтын дараа “Арсенал”-ын тоглогчид майкаа толгойдоо углаж, талбай дээр суугаад Лондоны бүрхэг тэнгэрийг санаа зовон харцгаасан бол дасгалжуулагч М.Артета муухай царайлсаар хувцас солих өрөөг зүглэлээ.
Учир нь тэд гурван тойрог дараалан ялалт байгуулж чадалгүй, гурвантаа тэнцэв. Эхлээд “Ливерпуль”, “Вестхэм”-ийг 2:0-ээр хожиж байгаад тухай бүр тэргүүллээ алдаж 2:2-ын харьцаатай тэнцсэн. Тэгвэл энэ удаад улирлын турш гурван ч дасгалжуулагч сольсон лигийн хамгийн муу багтай оноо хуваалаа. Ийнхүү тэд араас нэхэгч “Манчестер сити”-гээс хоёр тоглолт дутуу хэрнээ ердөө таван онооны илүүтэй болж ирэв. Өөрсдийн хувь заяаг аврахын тулд “их буучид” өнөөдрийн тулаанд заавал ялах ёстой.
“Арсенал” сүүлийн 19 жилд анхудаа аваргын цом хүртэх боломжоо алдах уу гэдэг нь өдгөө хөлбөмбөг сонирхогчдын анхаарлыг татсан хамгийн гол сэдэв болоод байна. Тэднийг баяр хөөрөөсөө айсан, сэтгэл зүйн дарамтыг давж чадахгүй болсон, аваргын төлөөх ийм хүнд өрсөлдөөний туршлага, хатуужил алга гэх шалтгаан олон хүн хэлж байгаа. Гэхдээ энэ бол гол шалтгаан биш. Дээрх гурван тэнцээнд нэг л зүйл буюу үр дүн нь адилхан байсан агаад тоглолтын агуулгаар бүгд өөр өөр байсан билээ.
“Айсан, дарамтыг давж гарч чадаагүй” гэдэг тодорхойлолт худлаа болохыг өмнө дурдсан “Вилла”, “Борнмут”-ын эсрэг тоглолтууд харуулсан. Тиймээс Премьер лигт энэ улиралд тэднийг ямар тоглолт үзүүлээд байгааг том зургаар нь харах ёстой юм. “Манчестер юнайтед”-ыг гайхалтай хожсоны дараа юу болсныг та бүхэн санаж байгаа болов уу. “Арсенал” дараа нь “Эвертон”-д (0:1) хожигдож, “Брентфорд”-той талбайдаа (1:1) тэнцэж, “Сити”-гийн талбайд (1:3) ялагдсан. Гэтэл үүнээс гурван өдрийн дараа Жоржиньогийн гоолын ачаар “Вилла”-г буулгаж авснаар долоо дараалсан хожлынх нь цуврал эхэлсэн билээ. Бүх зүйл буруугаар эргэх мэт санагдаж эхлэхэд “Арсенал” ялах гарцаа олсоор ирснийг улирлын тоглолтуудаас нь дүгнэж болохоор байна. Одоо ч гэсэн тийм түүх давтагдаж магадгүй. “Аваргын төлөөх мэдэгдэл” хийхэд хамгийн тохиромжтой үе ирж байгааг тэдний ойрын гурван тоглолтын хуваарь харуулав. Тэд “Сити”-гийн дараа “Челси”, “Ньскасл” гэсэн “эвгүй” хоёр багтай тулна.
2022 оны наймдугаар сард Английн ВВС сувгийн 12 экспертийн нэг нь ч “Арсенал”-ыг лигийн эхний дөрөвт орно гэсэн таамаг дэвшүүлээгүй. Харин АНУ-ын “The Athletic” вэбсайтын 42 сэтгүүлчээс ердөө дөрөв нь Лондоны багийг гуравдугаар байрт орно гэж таамаглажээ. Харин “Opta”-гийн супер компьютер “их буучдын” аваргалах боломжийг 0.13 хувь гэж үзээд “Ливерпуль”, “Сити”-д тус бүр 49.7 болон 47 хувийн боломж бий гэж тооцож байсныг ташрамд сануулъя.
Бэлтгэсэн Р.Манлай