Монголын пауэрлифтингийн холбоо 20 жилийнхээ ойн хүрээнд хэрэглэлтэй пауэрлифтингийн 17 дахь удаагийн УАШТ-ийг орон нутагт анх удаа зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Орхон аймагт, олон улсын пауэрлифтингийн тэмцээний дүрмийн дагуу болсон УАШТ-д 10 аймаг, 20 клубийн 190 гаруй тамирчин өсвөр үе, залуучууд, насанд хүрэгч, мастер I, II, III гэсэн ангилалд өрсөлдлөө. Тэдний дунд Азийн АШТ-ээс медаль хүртсэн 60, ДАШТ-ий шагналын тавцанд зогссон 20 гаруй хүчтэн байв.
Тивийн тэмцээнд оролцдог эрэгтэйчүүдээс таван удаа түрүүлсэн, улсын 10 удаагийн аварга, “Тайхар” клубийн С.Энхбат мастер I ангиллын суултын төрөлд 270, цээж шахалтын төрөлд 170, таталтын төрөлд 256 кг-ыг өргөж, нийлбэр дүнгээр тэргүүн байр эзлэв. +63 кг-ын жинд Говь-Алтай аймгийн Б.Орхон аваргалж, таталт, суултын төрөлд нийлбэр дүнгээр улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоолоо. 57 кг-д С.Энхжил тэргүүлж, таталтын төрөлд дээд амжилтыг шинэчилжээ. Улаанбаатар хотын тамирчдаас “Strong” клубийн Б.Хүслэн тэмцээний +57 кг-д таталтын төрөлд мөнгө, суултынхад хүрэл, нийлбэр дүнгээр мөнгөн медаль зүүв. Багийн дүнгээр залуучууд, мастер ангилалд “Strong” клубийнхэн, өсвөр насныхад Орхон аймгийнхан аваргаллаа.