“Road to one Mongolia” шоуны ялагч, “Шандас ММА” клубийн тамирчин Б.Энх-Оргил тулааныхаа бэлтгэлийг хийхээр Тайландын нийслэл Бангкок хотыг зорьсон. Тэрбээр “One championship”-ийн анхны тулаанаа маргааш хийнэ. Энэ үеэр муай тайн 10, холимог хоёр, нийт 12 тулаан болох юм. Манай тамирчин мэргэжлийн түвшинд долоон удаа ялж, хоёр ялагдсан амжилттай. Түүний гол өрсөлдөгч нь “One warrior series Philippines”-ийн ялагч, 29 настай Адонис Севиллено. Тэрбээр сонирхогчийн зэрэглэлд нэг, мэргэжлийн түвшинд хоёр ялалт байгуулж, гурав ялагдаж байжээ. 10 гаруй орны тулаанчийн өрсөлдөөнийг Монголын цагаар 20.30-д “Premier sports network” сувгаар шууд дамжуулах юм.