“Белград-2022” ДАШТ-ий мөнгө, “Осло-2021” ДАШТ-ий хүрэл медальт, үндэсний шигшээ баг, “Хилчин” спорт хорооны тамирчин, гавьяат тамирчин Мөнхтөрийн Лхагвагэрэл Астанагийн дэвжээнд 125 кг-ын жинд алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлэв.
Тэрбээр шигшээ барилдаанд өмнө нь гурван удаа барилдахдаа 1 ялж, 2 удаа ялагдаж байсан U23 ангиллын ДАШТ-ий хүрэл медальт, насанд хүрэгчдийн Азийн аварга, эзэн орны Юсуп Батырмурзаевыг нутгийн дэвжээн дээр нь хөгжөөн дэмжигчдийнх нь өмнө нь 1:1-ээр ялснаар Монголын эрэгтэй бөхчүүдээс Азийн аваргаас 16 дахь алтан медалийг найман жилийн дараа эх орондоо авчирсан.
Түүнчлэн 2001 онд гавьяат тамирчин Г.Өсөхбаяр Улаанбаатарын дэвжээнд хүнд жинд хамгийн сүүлд алтан медаль хүртэж байсан бол М.Лхагвагэрэл ийнхүү 22 жилийн дараа Азийн аваргад түрүүлэв.