Монголын ширээний теннисний холбооноос Олон улсын болон Азийн ширээний теннисний холбооны зөвшөөрөлтэйгөөр ахмадын Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнийг Улаанбаатар хотод “UG arena”-д зургадугаар сарын 18-23-нд зохион байгуулахаар болжээ. Тус тэмцээнд тамирчид эрэгтэй, эмэгтэйчүүдийн 40-44, 45-49, 50-54, 55-59, 60-64, 65-69, 70 насны ангилалд ганцаарчилсан, хос төрөлд ур чадвараа сорино.
Олон улсын ширээний теннисний тэмцээн зохион байгуулах дүрмээр явуулах тоглолтын эхний шатанд оролцогчид хэсгүүдэд хуваагдаж, тойргоор өрсөлдөх юм. Ангилал тус бүрт хэсгээс эхний хоёр байрт шалгарсан нь дараагийн буюу хасагдах шатанд тоглоно. Хэсгийн тоглолтод тамирчдаас хэн нь эхэлж хоёр, хасагдах шатанд гурван сет хожсоноор нь аваргыг тодруулах аж. Хосын төрөлд шөвгийн найм хүртэл гурван сет тоглох бол шигшээгээс хойш таван сетээр шууд хасагдах системээр өрсөлдөх юм.