Монголын жүдо академи шилдэг олон тамирчинтай. Тэднээс Т.Анударь, Б.Намуунаа нар Японыг Осака муж дахь Киндай ихсургуульд суралцахаар болжээ. 1925 онд анх байгуулсан тус сургуульд суралцагчдаас тив, ДАШТ, олимпы нмедальтан цөөнгүй төрсөн байдаг. Т.Анударь тус академид 2016 онд элсэн, жүдо бөхийн эрдэм заалгаж, өнгөрсөн жил залуучуудын УАШТ-д түрүүлжээ. Б.Намуунаа мөн тэр жил хичээллэсэн тамирчдаас жүдо, самбо бөхийн өсвөр үеийн УАШТ-ээс тус бүр хошой хүрэл медаль хүртсэн амжилттай. Өдгөө тэнд Улаанбаатарын “Их дуулга” тэмцээнээс хүрэл медаль авсан ОУХМ О.Хүслэн сурч байгаа билээ. Сонирхуулахад, Монголын жүдо бөхийн холбоо олон улсын А болон Б зэрэглэлийн хоёр шүүгчээр бүл нэмэв. Энэ удаа Х.Батхишиг, З.Сүхчулуун нар шалгалтаа амжилттай өгч, олон улсын шүүгч боллоо. Түүнчлэн Катарын Дохахотод ирэх сарын 7-14-нд зохион байгуулах жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлж оролцох Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнийг зарласнаар эрэгтэйчүүдийн 66, 73, эмэгтэйчүүдийн 48, 52, 57 кг-ын жинд тус бүр хоёр тамирчин хуваарилжээ.